2017 оны “СУМ ХӨГЖҮҮЛЭХ САН”-ийн тэргүүлэх чиглэл нь төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, аймаг, сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Орхон аймгийн хөгжлийн цогц бодлого /2009-2021/, Баян-Өндөр сумын иргэд, хэлтэс, газруудаас авсан санал зэрэгт тулгуурлан шинэ техник технологи нэвтрүүлсэн, байгаль орчинд ээлтэй, шинээр ажлын байр бий болгох үйлдвэрлэл, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгон өрхийн, бичил бизнес эрхлэгчдийг дараах чиглэлээр дэмжих саналыг Баян-Өндөр сумын ИТХ-ын ээлжит V-р хуралдаанаар оруулж төлөөлөгчид хэлэлцэн баталсан юм.
- Хүнсний чиглэлээр: Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, жимс, жимсгэний үйлдвэрлэл.
- Хөдөө аж ахуйн чиглэлээр: Эрчимсэн мал аж ахуй, тэжээлийн үйлдвэр, жимс жимсгэний тариалалт, өвөл, зуны хүлэмж.
- Хөнгөн үйлдвэрлэл: Оёдлын үйлдвэрлэл, сүлжмэлийн үйлдвэрлэл, ноос ноолуурын үйлдвэрлэл, гутал үйлдвэрлэл
- Боловсруулах үйлдвэрийн чиглэлээр: Малын гаралтай түүхий эд, арьс шир хүнсний зориулалттай сав баглаа, боодлын үйлдвэрлэл, дахин боловсруулах үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
- Барилгын материалын чиглэлээр: Шахмал түлш, дулаалгын материал тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, бохирын системийн тоног төхөөрөмж, ган хийц, төмөр бетон үйлдвэрлэл, модон эдлэл үйлдвэрлэл, вакум цонх, хаалганы үйлдвэрлэл
- Гэр хорооллын алслагдсан багуудад ахуйн үйлчилгээний чиглэлээр: Халуун ус, үсчин, хими цэвэрлэгээ, нийтийн биеийн тамир, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, цаг, гар утасны засварын үйлчилгээ, дугуй засвар, түлхүүр хувилах үйлчилгээ.
- Үйлчилгээний чиглэлээр: Авто засвар, гутал завсар, хэвлэлийн үйлчилгээ
- Гар урлалын үйлдвэрийн чиглэлээр ардын өв, уламжлал зан заншлыг дэлгэрүүлэх зорилго бүхий үйлдвэрлэлийг дэмжинэ.
Мөн сум хөгжүүлэх сангийн дотоод журмын шинэчилсэн саналыг Баян-Өндөр сумын ИТХ-аар оруулж хэлэлцэн баталлаа. Журманд зээлдэгчдийн эргэн төлөлтийн удааширалтыг арилгах, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн өөрчлөлт оржээ. Тодруулбал зээл хүсэгчдийн материалын бүрдүүлэлтэнд Монгол банкны зээлийн мэдээллийн лавлагааг шаардахаар болсон байна. Учир нь зээлдэгчид өөр зээлийн эх үүсвэртэй байдаг учраас сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт удааширалтай байгаа гэдгийг хэллээ.
Хариуцлагын тухайд сум хөгжүүлэх сангаас зээл авсан этгээд зээлийг үр ашиггүй зарцуулсан, зориулалтын бусаар ашигласан, зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухай этгээдийн гэрээг цуцалж зээлийн хүүг банкны хүүд шилжүүлэх, тус сангаас дахин зээл олгохгүй байхаар журманд тусгажээ.
Ийнхүү сум хөгжүүлэх сангийн 2017 оны тэргүүлэх чиглэл, дотоод журам батлагдлаа. Энэ жилийн тухайд иргэдэд нийт 197 сая төгрөгний зээл олгох боломжтой тухай хурлын үеэр мэдээлж байсан. Сум хөгжүүлэх сангийн зээл нь иргэнд 10 хүртэлх сая, аж ахуй нэгж, нөхөрлөл хоршоонд 15 сая хүртэлх төгрөгний зээл олгодог. Зээл хүсэгч нь Баян-Өндөр сумын иргэн, Баян-Өндөр сумандаа үйл ажиллагаа явуулдаг, үйлдвэрлэл үйлчилгээ хийж байсан туршлагатай, эргэн төлөх чадвартай ба барьцаа хөрөнгөтэй байх шаардлагатай юм байна.