Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот, эрдэнэсийн өлгийн эзэд болсон Орхон аймгийн түүхт 40 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Өнөөдөр Эрдэнэтчүүд бид түүхт 40 жилийн ойн баярынхаа нээлтийг ёслол төгөлдөр хийв. Энэхүү түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны тавдугаар сарын 12-ны өдөр зарлиг гаргаж Орхон аймгийг Сүхбаатарын одонгоор шагнасан юм. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа А.Амарын талбайд болж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Орхон аймгийн туганд Сүхбаатарын одонг зүүж өгсөн юм. Одон гардуулах ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн, УИХ-ын эрхэм гишүүн О.Содбилэг нар оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амарын талбайд цэргийн хүндэт харуул жагсаж, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим хангинаж, Орхон аймгийн иргэдийн төлөөлөл Ерөнхийлөгчийн зарлигаар соёрхогдсон Сүхбаатарын одонгоо хүндэтгэлтэйгээр гардан авлаа.