ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

ОРХОН АЙМАГ  БАЯН-ӨНДӨР СУМЫН 

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 6 ДАХЬ УДААГИЙН

СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ  XIV ХУРАЛДААНЫ  ТОГТООЛ

 

2015  оны 12 сарын  25 өдөр                                    Дугаар 03                                                  Эрдэнэт

 

 

“Сум хөгжүүлэх сан”-гийн тэргүүлэх чиглэл,

дотоод журмыг шинэчлэн батлах тухай

 

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалт, Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.6 дахь заалт, 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтыг үндэслэн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XIX хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

 

1.“Сум хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөр зээл олгохтой холбогдуулан тэргүүлэх чиглэлийг I хавсралтаар, дотоод журмын өөрчлөлтийг II хавсралтаар тус тус баталсугай.

 

2.Тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг жилийн эцэст хурлын хуралдаанд тайлагнахыг сумын Засаг дарга /И.Баасанжав/-д үүрэг болгосугай.

 

ДАРГА                                   Н.ЖАРГАЛСАЙХАН


Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ-ын

2015 оны 12 сарын 25  өдрийн ээлжит 19 дүгээр

хуралдааны 3 дугаар тогтоолын 1 дугаар хавсралт 

 

 

 

2016 оны “Сум хөгжүүлэх сан”-гийн 

тэргүүлэх чиглэл

 

 

Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого,  Аймаг, сумын Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Ахуйн үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр” /2014-2016/, Орхон  аймгийн  хөгжлийн  цогц  бодлого  /2009-2021/, Баян-Өндөр сумын иргэд, хэлтэс, ангетлагуудаас авсан санал зэрэгт тулгуурлан  шинэ техник технологи нэвтрүүлсэн, байгаль орчинд ээлтэй, шинээр олон ажлын байр бий болгох үйлдвэрлэл, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгон  дараах чиглэлээр дэмжинэ.

1.Хүнс чиглэлээр: Гурил тэжээлийн үйлдвэр, сүү, мах, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, жимс, чацарганы үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл

2.Хөдөө аж ахуйн чиглэлээр: Эрчимжсэн аж ахуй, жимс жимсгэний тариалалт, малын тэжээлийн тариалалт,  өвөл, зуны  хүлэмж, 

3.Боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр: Оёдолын үйлдвэрлэл, сүлжмэлийн үйлдвэрлэл, малын гаралтай түүхий эд, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрлэл, гутал үйлдвэрлэл, хүнсний зориулалттай сав баглаа, боодлын үйлдвэрлэл, дахин боловсруулах үйлдвэрлэл

4.Барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр: Шахмал түлш, дулаалгын материал, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, бохирын системийн тоног төхөөрөмж, ган хийц, төмөр бетон үйлдвэрлэл, модон эдлэл үйлдвэрлэл

5.Гэр хорооллын алслагдсан багуудад ахуйн үйлчилгээний чиглэлээр: Халуун ус, үсчин, хими цэвэрлэгээ

6.Үйлчилгээний чиглэлээр: Авто засвар, нийтийн биеийн тамир, хэвлэл дизайн, нийтийн хоолны газар, гэрэл зураг, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, цаг, гар утасны засварын үйлчилгээ, түлхүүр хувилах үйлчилгээ, гутал засвар


оОо


Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ-ын

2015 оны 12 сарын 25  өдрийн ээлжит 19 дүгээр

хуралдааны 3 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт 

 

 

БАЯН-ӨНДӨР СУМЫН СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН

ДОТООД ЖУРАМ

 

1. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журам нь суманд жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, хоршоог хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавихтай холбоотой үүссэн харилцааг зохицуулахад оршино.

1.2.  Сан нь төрийн санд тусгай данстай байх бөгөөд гадуур данстай байхыг хориглоно.

1.3. Сангийн орлого зарлага нь сумын төсвийн гүйцэтгэлийн сар бүрийн мэдээ улирал жилийн тайлан тэнцэлд тусгагдана.

1.4. Иргэн, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий сум хөгжүүлэх сангаас  олгох хөнгөлөлттэй зээл нь дараах нөхцөлтэй байна.

1.4.1      Хөнгөлөлттэй зээлийн хүүгийн хэмжээ жилд 2,8 хувь

1.4.2      Зээлийн хугацаа нь 36 сар хүртэл

1.4.3  Нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээ иргэнд 10,0 сая төгрөг хүртэл, ЖДҮ эрхлэгч, нөхөрлөл, хоршоонд 15,0 сая төгрөг хүртэл

1.4.4      Зээлдэгч зээлийг хугацаандаа төлөөгүй, эсвэл зээлийн хөрөнгийн зориулалт бусаар зарцуулсан бол зээлийн төлөгдөөгүй үлдэгдэлд торгууль ногдуулж төлүүлнэ. Торгуулийн хувь хэмжээг зээлийн төлөгдөөгүй үлдэгдэлд хоногийн 0,1% -аар тооцож, дансанд төвлөрүүлж, зээлийн эх үүсвэрт зарцуулна.

1.4.5      Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих сан, сум хөгжүүлэх сангаас урьд авсан зээлийн өргүй, арилжааны банк, бусад санхүүгийн байгууллагад бизнесийн зээлийн өргүй байх, цалин, тэтгэвэр, санхүүгийн түрээс гэх мэт бусад зээлийн үлдэгдэл нь хүсэж буй зээлийн 50%-иас дээшгүй байх

1.4.6      Зээлийг олгохдоо зээлдэгчтэй зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, баталгааны гэрээ байгуулан олгох

1.4.7      Зээлийн хэмжээнд тохирсон хөрөнгийг барьцаалах

1.4.8   Тухайн зээлдэгч өөрийн барьцаалах хөрөнгө байхгүй тохиолдолд гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу

барьцаанд тавьж болно.

1.5. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл нь дараах бүрэлдэхүүнтэй байна.

1.5.1       Зөвлөлийн ахлагч Сумын Засаг дарга

1.5.2       Зөвлөлийн гишүүд нь сумын ЗДТГ ын 3 мэргэжилтэн, тухайн сумын 3 иргэний төлөөлөл байна.

1.5.3       Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон тохиолдолд сонгон шалгаруулалт хийж , сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж батлуулна.

1.5.4       Зөвлөл нь Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийг хууль тогтоомжийн дагуу хөтөлж, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан гаргах, сангийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, зээлийн эргэн төлөлттэй холбоотой мэдээлэл гаргах, хяналт тавих, төрийн сантай харилцах ажлыг хариуцсан нягтлан бодогчтой байна.

      1.5.5 Нягтлан бодогч нь туслах ажилтантай байна. Туслах ажилтны цалингийн зардлыг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж зээлийн хүүгийн эргэн төлөлтөөс олгохоор хөдөлмөрийн гэрээнд тусгана.

 

 

 2. Зөвлөлийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа

 2.1. Зөвлөлийн ахлагч сангийн үйл ажиллагаатай холбогдсон дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ.

2.1.1       Зөвлөлөөс шалгаруулсан төсөлд зээл олгох шийдвэр гаргах

2.1.2       Төсөл нь шалгарсан иргэн аж ахуйн нэгжтэй зээлийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хангуулах ажил зохион байгуулж, хэрэгжилтийн явц үр дүнд байнгын хяналт тавьж ажиллах

2.1.3       Зээлийн хүүгийн орлогоос зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгийн төсвийг боловсруулж иргэдийн төлөөлөгчийн хурлаар хэлэлцүүлэн, сумын жил бүрийн төсөвтэй хамт батлуулах

2.1.4       Сангийн үйл ажиллагааны үр дүнг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнө хариуцах

2.1.5       Багийн Засаг дарга нарыг үүрэгжүүлэх

2.2. Зөвлөлийн нарийн бичиг сангийн үйл ажиллагаатай холбогдсон дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ.

2.2.1       Өргөдлийн маягтыг хүлээн авч бүртгэлжүүлэх

2.2.2       Сангийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, зээлийн эргэн төлөлттэй холбоотой           мэдээллийг улирал бүрийн сүүлийн 25-ны дотор гаргаж аймгийн Хөдөлмөрийн хэлтэст хүргүүлэх

2.2.3       Зээлдэгчийн талаар гаргасан багуудын төрөлжсөн судалгааны дагуу айл өрх, аж ахуй нэгжээр биечлэн орж, мэдээний үнэн бодит байдалд хяналт тавих

2.2.4       Төсөл нь тэнцээгүй иргэдэд хариуг бичгээр хүргүүлж, тайлбар хийх

2.2.5       Өргөдлийн хариуг багийн Засаг даргаар дамжуулан хүргүүлэх

2.2.6       Зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хөтөлж, баримтжуулах

2.2.7   Зээлдэгчийн барьцаанд бариулсан хөрөнгийн бичиг баримтын эх хувийг авч, бүрэн бүтэн байдлыг хангах

2.2.8      Төслөөр бий болох шинэ ажлын байрыг төлөвлөх, гүйцэтгэлийг хянах,

2.2.9      Олгосон зээлийн зарцуулалтын тайланг зээлдэгч бүрээр авч баримтжуулах

2.3 Туслах ажилтан дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

     2.3.1 Зээлдэгч этгээдийн эргэн төлөлт, хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлөх,

2.3.2        Зээлдэгч хугацаандаа зээлийг төлөөгүй тохиолдолд хугацааны хувьд төлөөгүй үлдэгдэлд торгууль ногдуулж, зээлийн эргэн төлөлт, хүүгийн хамт зээлийн программд бүртгэх

2.3.3        Хугацаа хэтэрсэн зээлдэгдтэй холбогдож зээлийг төлүүлэх,

2.4.  Зөвлөлийн гишүүд сангийн үйл ажиллагаатай холбогдсон дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ.

2.4.1      Зөвлөлийн гишүүд нь өргөдөл, төслүүдийг хүлээн авч газар дээр нь очиж танилцан, үнэлгээ хийх.

2.4.2      Улс, орон нутгийн бодлого, чиглэлд  уялдуулан сонгон шалгаруулалтыг хийх

2.4.3      Зөвлөлийн гишүүн нь ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ ТСШЗ-ийн хурлын өмнө мэдүүлэх үүрэгтэй

2.4.4      Зээлийн эргэн төлөлт хүндэрч хэвийн бус ангилалд шилжсэн тохиолдолд зөвлөлийн гишүүдийг  зээл эргэн төлүүлэх арга ажиллагаанд татан оролцуулна.

2.4.5  Иргэний төлөөллийн урамшуулал нь Сум хөгжүүлэх сан-гийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмын 1.8 дахь заалтын зарцуулах эрхийн мөнгөн дүнгийн 10 %-аас багагүй байна.

2.5    Багуудын ажлын алба сангийн үйл ажиллагаатай холбогдсон дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

2.5.1       Багийн нийгмийн ажилтан сумын нарийн бичгийн хүлээлгэн өгсөн өргөдлийн маягтыг бодит байдал дээр нь очиж судалж, маягт дахь хэсэгт тодорхойлолтыг бичих

2.5.2  Багийн Засаг дарга тодорхойлолттой танилцаж үнэн бодитой эсэхийг тамга  тэмдгээр баталгаажуулан зөвлөлийн нарийн бичигт хүргүүлнэ.

2.5.3 Сангаас зээл авсан иргэн, аж ахуй нэгжүүдэд багийн нийгмийн ажилтан хяналт тавьж,  тухай   бүр  зээлдэгчийн судалгааг гаргаж зөвлөлийн нарийн бичигт хүргүүлж байх

2.5.4     Төсөл сонгон шалгаруулах хуралд тухайн зээлдэгчийн харьяалагдах багийн нийгмийн  ажилтан ирж тухайн зээлдэгчийн үйл ажиллагааг тодорхойлох

 3. Төсөл сонгон шалгаруулах

 3.1. Төсөл сонгон шалгаруулах зөвлөл нь Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмын 4 дүгээр зүйлийг баримтлан ажиллана.

3.2. Хөрөнгийн эх үүсвэрээс шалтгаалан хүлээн авах өргөдлийн тоог зөвлөлийн гишүүд хэлэлцэн шийдвэрлэнэ.

 3.3. Төсөл сонгон шалгаруулах зөвлөл нь дараах  үе шаттайгаар төслийг сонгон шалгаруулна.

3.3.1       Өргөдлийг маягтыг зөвлөлийн нарийн бичиг иргэн, аж ахуйн нэгжээс хүлээн авах, шаардлага хангахгүй өргөдлийг өргөдөл гаргагчид буцаах,

3.3.2       Бүртгэсэн өргөдлүүдээ харьяа багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгч тодорхойлолт гаргуулах

3.3.3       Тодорхойлолт гаргасан өргөдлүүдийг зөвлөлийн хурлаар хэлэлцэж үнэлгээ хийж, төсөл ирүүлэх иргэн, аж ахуйн нэгжийг тодруулах

3.3.4       Зөвлөлийн гишүүд танилцсан төслүүдийг хурлаар хэлэлцүүлэн олонхын саналаар сонгон шалгаруулна.

3.3.5       Шалгарсан төслүүдэд сумын Засаг дарга захирамж гарган, зээлдэгчтэй зээлийн гэрээ барьцааны гэрээ болон баталгааны гэрээ байгуулан зээлийг олгоно.

Жич: Санхүүжилтийн хэмжээнээс хамаарч өргөдөл, төслийг нэг хурлаар шийдвэрлэж болно.

3.4  Олонхын санал авсан төсөл гэдэгт ирцийн 60% ба түүнээс дээш гишүүдийн санал авсан төслийг хамааруулж ойлгоно.

             3.5  Төсөл сонгон шалгаруулах хурлыг  гишүүдийн 71% хувийн ирцтэй тохиолдолд хийнэ.

             3.6 Төсөл сонгон шалгаруулах зөвлөл нь сангаас зээл хүссэн иргэн аж ахуйн нэгжийн боловсруулсан төслийг сонгон шалгаруулахдаа дараах шалгуурыг харгалзан үзнэ.

3.6.1       Сумын ИТХ с баталсан сумын хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцсэн байх

3.6.2 Тухайн суманд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн давуу талд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн байх

3.6.3       Хүрэх үр дүн, зорилт нь тодорхой байх

3.6.4       Төслийн үр ашиг, гэрээний хугацаанд зээлээ эргэн төлөх боломжтой байх

3.6.5       Төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитой тодорхойлсон, эрсдэлийг даван туулах талаар тусгасан байх

3.6.6       Ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн байх

3.7    Сангийн хөрөнгөөс зээл авч төсөл хэрэгжүүлэх этгээд нь дараах шаардлагыг хангасан байна.

3.7.1       Арилжааны банк болон бусад санхүүгийн байгууллагад бизнесийн зээлийн өргүй байх

3.7.2       Үйл ажиллагаагаа өргөтгөх, нэмэгдүүлэх зорилготой иргэн, аж ахуй нэгжүүд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгэгдсэн байх.

3.7.3       Зөвлөлийн хурлаар баталсан зээлийн гэрээний 2.6 дахь заалтын шалгуур хангасан батлан даагчтай байх

3.7.4       Зээлийн хэмжээнд тохирсон барьцаатай байх. Барьцаа хөрөнгийн баримт бичгийн эх хувийг Сум хөгжүүлэх санд байршуулах

 

4. Хариуцлагын тухай 

4.1  Батлан даагч нь зээлдэгчийн зээлийн зарцуулалт, нөхөн төлөлт, үйл ажиллагаанд хяналт тавих бөгөөд үүргээ биелүүлээгүй тохиолдолд баталгааны гэрээнд заасны дагуу зээлдэгчийн өмнөөс бүрэн хариуцлага  хүлээнэ. 

4.2  Зээлдэгч зээлийг үр ашиггүй зарцуулсан эсхүл зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулаагүй, зээл, түүний хүүг гэрээний хугацаа хэтрүүлж төлсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зэрэг тохиолдолд тухайн иргэн, аж ахуй нэгж нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээнэ.

4.3 Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд холбогдох этгээдэд мэдэгдэх, тайлагнах

4.4  Сангийн хөрөнгийг зарцуулах зээл олгох, зээлийн хөрөнгийг ашиглах, хяналт тавих, тайлагнах үйл ажиллагааны талаар энэхүү журмаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

oOo


 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5714
4257 / 75%
912 / 16%
265 / 5%
280 / 5%