Баян-Өндөр сумын нийт иргэд, азай буурлууд, залуучууд нялх балчир хүүхдүүд та бүхэндээ ирж буй 2016 оны шинэ оны мэнд дэвшүүлье.
Улиран одож байгаа 2015 онд Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган, төлөөлөгчид иргэд сонгогчдынхоо дэмжлэгтэйгээр сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэхийн төлөө олон чухал асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргасан амжилт бүтээлээр дүүрэн он жил байлаа.
Сумын ИТХ-аас Сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хурлын хуралдааныг 5 удаа, ээлжит бус хуралдааныг 2 удаа, Тэргүүлэгчдийн хуралдааныг 24 удаа хуралдуулж шийдвэр гарган ажиллав.
Сумын нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх журмыг баталж мөрдүүлснээр 26 цэгт, 70 гаруй зөвшөөрөл олгон худалдаа, үйлчилгээ, хүнсний ногоо худалдан борлуулах нөхцөлийг бүрдүүлсэн нь иргэдэд ихээхэн дэмжлэг болсныг тэмдэглэхэд таатай байна.
Нийт иргэдийнхээ саналыг авч, ОНХС-ийн хөрөнгөөр гүйцэтгэх хөтөлбөр төсөл арга хэмжээг эрэмбэлж, 1.3 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтыг баталснаар 55 хөтөлбөр төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн, бүтээн байгуулалтын олон ажил хийгдсэн.
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааг хэвийн явуулахад хамтран ажилласан, дэмжлэг үзүүлсэн Аймгийн ИТХ-ын дарга, тэргүүлэгчид, төлөөлөгчид, ажлын албанд ажиллагсад, аймаг, сумын Засаг дарга, Засаг даргын тамгын газар, хэлтэс, алба агентлагийн хамт олон, багийн ИНХ, багийн ажлын албанд ажиллагсдад болон нийт иргэддээ талархал илэрхийлье.
Ирж буй шинэ он эрүүл энх, амжилт бүтээл, од хийморь, олз омгоор дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг та бүхэндээ дэвшүүлье.
Шинэ оноо элгэн садан, эцэг эх, үр хүүхэд, найз нөхдөөрөө сайхан угтаарай.
БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ-ЫН
ДАРГА Н.ЖАРГАЛСАЙХАН