Орхон аймгийн “НАР ТУССАН ЦАГ” сонинны төлөөлөгчийн цаг буланд Баян-Өндөр сумын төлөөлөгчийн өгсөн ярилцлагыг хүргэж байна. № 39 /82/
Төлөөлөгчийн цаг
ТЭРГҮҮЛЭГЧ Б.ГАНБАТ: Сумын хурал аль ч асуудалд иргэдийнхээ төлөө ханддаг
Аливааг хийе, бүтээе гэж зориглосон хүн гарцыг заавал олж хардаг гэдэг. Ерөөс тухайн асуудлын том багаас үл хамааран, ач холбогдол нь гол гэдгийг ойлгосон цагт тэрхүү гарц, шийдвэрлэх арга зам харагддаг биз ээ. Аймгийн гэлтгүй сумын Иргэдийн хуралд хэлэлцэх, шийдвэрлэх асуудал олон бөгөөд тэдгээрт сэтгэл чилээн, бусдын өмнө хариуцлага хүлээж яваа төлөөлөгчдийн хийж хэрэгжүүлж, бодож санаж яваа бүхнийг уншигч тантай хуваалцахад таатай байна.
“Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-д зааснаар 100 мянган хүн амтай Баян-Өндөр сум, 3000 иргэнтэй сумын хуралтай ижил бүтэцтэй үйл ажиллагаа явуулдаг ч хэлэлцэх асуудлын хамрах хүрээгээр харилцан адилгүй болохыг энд онцлон хэлэх нь зүйтэй болов уу. Тиймээс ч хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, хороодын гишүүд өөр өөрийн хэмжээнд тухайн асуудлаа судлах шаардлагатай бөгөөд ажлын цагаа хэрхэн зөв хуваарилахаас үр дүн нь харагдах учиртай.
Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгч, Ардчилсан намын бүлгийн дарга Бат-Очирын Ганбат тэдгээр “завгүй” төлөөлөгчдийн нэг. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-тай ажил, амьдралаа холбож, эзэмшсэн мэдлэг мэргэжлээ бусадтай хуваалцаж яваа түүнтэй ярилцсанаа уншигч танд хүргэхээр бэлтгэлээ.
-Таныг Эрдэнэтийн унаган хүүхдүүдийн нэг гэж сонссон. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат. 1976 онд ээж, аав минь Эрдэнэт хотын бүтээн байгуулалтанд оролцохоор ирж байсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл энэ хотдоо ажиллаж, амьдарч байна. Би Эрдэнэт хотын 5 дугаар 10 жилийн сургууль, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийг тус тус төгссөн. Инженер мэргэжилтэй. 1997 онд сургуулиа төгсч ирээд Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад ажиллаж, сүүлийн 2 жилд нь Цахилгаан цехийн даргын албыг хашиж байна. Эхнэр, 3 охины хамт амьдардаг.
-Дулааны станцтай ажил амьдралаа холбосон үеэ эргэн дурсахгүй юу?
-Би 1997 онд Эрдэнэтийн дулааны станцын Цахилгаан цехийн лабораторийн инженерээр ажилд орж байлаа. Энэ цехдээ 5 жил ажиллаад хэлний мэдлэгээ ахиулж, мэргэжил дээшлүүлэхээр Англи улсын Оксфордын коллежд суралцсан. 2006 онд буцаж ирээд инженер, инженерийн албаны хяналтын инженер, 2012 оноос өнөөдрийг хүртэл Цахилгаан цехийн даргаар ажиллаж байна.
Эрдэнэт хотын хүн амыг халаалт, цахилгаан эрчим хүчээр хангадаг манай станц улсын онцгой объектын нэг. Энэ байгууллагад өдөр шөнө, өглөө оройд утсаа унраах эрхгүй мөр зэрэгцэн ажиллаж байгаа 430 гаруй хүнээр би бахархдаг.
-Мэргэжлээ сонгоход юу нөлөөлсөн бэ?
-Нэг хэсэг багш, эмч болох сонирхолтой хүүхэд олон байсан бол бидний үед хөвгүүд нь инженер болно гэж ярьдаг байлаа. Тухайн үед инженерийн мэргэжил сайхан санагддаг байсан болохоор бүгд ШУТИС-д элссэн байх.
-Хурлын тэргүүлэгчээр ажилладаг таны хувьд ажлын цаг заваа хэрхэн зохицуулдаг вэ?
-Монгол улсын иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу аль нэг намаас болон бие даан ИТХ-д сонгогдсон байж болно. Хурлын төлөөлөгч ард түмний дуу хоолой болохын зэрэгцээ хаана, юу болохгүй, бүтэхгүй байна, түүнийг шийдвэрлэхэд ямар хүндрэл гарч байна, арга зам нь юу байх вэ, хэнд уламжлах вэ гэдэгт анхаардаг байх ёстой.
Миний хувьд 2012 онд сонгогдсон. Ардчилсан намын бүлгийн даргын сонгуульт ажилтай. Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчийн хувьд байнгын шахуу ажилтай. Хурлын жирийн төлөөлөгчтэй харьцуулахад гүйцэтгэх засаглалтай байнга харьцах шаардлага гардаг гэх үү дээ.Тиймдээ ч энэ жил 26 удаа тэргүүлэгчдийн хурал хийсэн байдаг. Нэгэнт ИТХ-ын тэргүүлэгчээр ажиллана гэж сонгогдсон болохоор бусад ажлаа зохицуулсаар ирсэн. Тэргүүлэгчдийн хурлаар иргэдийн өмнө тулгамдсан асуудал юу байна, хуулийн дагуу түүнийг л шийдвэрлэдэг.
-Төлөөлөгч хүн хэрхэн чадваржих ёстой вэ? Чадвар, чадавхийн тухайд бодлоосоо хуваалцана уу?
-Чадвар, чадавхи, боловсрол, мэргэжил, мэдлэг гэхээр өргөн цар хүрээтэй асуудал яригдана. Энэ удаагийн сумын хуралд инженер,сэтгүүлч,эдийн засагч,хуульч мэргэжилтэй хүмүүс түлхүү орсон. 5-6 төлөөлөгч цахилгааны инженер мэргэжилтэй байх жишээтэй. Тиймээс ч манай хурлаар хэлэлцэгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд маш шуурхай шийдвэрлэгддэг.
Харин төлөөлөгчдийн хувьд ард иргэдээсээ итгэл хүлээж сонгогдсон л бол ажлаа хийх ёстой. Тэр хүн “чадахгүй” гэж хэлэх эрх байхгүй. Хувь хүн талаас нь болон мэдлэг боловсролын талаар би дүгнэлт хийх нь өрөөсгөл болох байх.
-Хурлын ажлын албанаас зохион байгуулж буй шат дараатай сургалтуудын үр өгөөж хэрхэн гардаг вэ?
-Би хэдийгээр удирдах албан тушаал хашиж байгаа ч жирийн л инженер хүн. Гэтэл хуралд анх удаа сонгогдсон нэгэн байхад 2, 3 дахь удаагаа иргэдийг төлөөлж суугаа хүн ч бий. Хэн нь ч байсан бид хурлын процедурыг л судлах ёстой. Наанадаж “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай”, “Төсвийн тухай”, “Ойн тухай” гэн мэт хуулиуд болон журмаа судалж, зохих мэдлэгтэй байж л хүнд асуулт тавина шүү дээ. Ингэснээр тухайн ажлыг цааш хурдан явуулах боломж бүрдэх юм.
Сургалт нь тухайн хүнд мэдлэг, боловсрол олгож байгаа мэтээр харагддаг ч цаад хүндээ хурлын процедурыг зааж байгаа хэрэг. Түүнээс биш их дээд сургууль шиг боловсрол олгож байгаа мэтээр харж болохгүй. Төлөөлөгч нь хууль, журмаа мэдэхгүй бол хурлын байгууллага маш сул харагдана. Тиймээс системтэй сургалт өгөх нь цаашлаад хурлын үйл ажиллагааг сайн явуулах тулгуур болох учиртай.
Өнгөрсөн онд болсон нэг үйл явдлыг тодхон санаж байна. Баян-Өндөр сумын мэргэжилтнүүд ажлынхаа талаар мэдээлэл өгч, бид танилцах журмаар тайланг нь сонссон. Тухайн үед газрын түшмэл “Эзэмшсэн газрын нэр шилжүүлэх” талаар ярьж орж ирсэн. Гэтэл энэ нь хуулиндаа Засаг даргын эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх ажил байсан. Хуулиа судалж мэдэхгүй бол бид энэ асуудлыг шийдвэрлэх гэж мөн л хугацаа алдах байсан. Энэ мэт хуульд хамааралтай олон асуудал тулгардаг. Хурлын тогтоолыг зөв гаргахын тулд бид сайн боловсорсон байх ёстой.
-Өнгөрсөн хугацаанд хурлаар олон асуудал хэлэлцэгдсэн ч таныг газрын тухай асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсныг санаж байна. Манай аймгийн иргэдэд энэ нь хамгийн эмзэг сэдэв болоод байгаа шүү дээ?
-Бид ихэнх асуудлыг тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэдэг. Миний хувьд газрын тухай асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандаж, санал гаргаж байсан. Ингэхдээ тухайн иргэн хэзээ өргөдлөө өгсөн болох, одоо хэд дэх дугаарт хүлээгдэж байгаа талаар мэдээллийг ил тод тавих хэрэгтэйг сануулсан. Ямар ч хүн өөрийгөө хэдэд эрэмбэлэгдэж байгааг мэдэхийг хүснэ биз дээ.
Мөн бүтээн байгуулалтын ажилд хогны асуудлыг сөхсөн. Менежментийн зөв шийдлээр хаягдал хогонд зохицуулалт хийх хэрэгтэй гэж би боддог. Хогийн савыг олон болгох нь хогноос салах төгс шийдэл биш л дээ. Энэ мэт санал оруулсан ажлууд бий.
-Тэргүүлэгчид тендер шалгаруулалт, түүний явцад хяналт тавих зэрэгт ямар байдлаар оролцдог вэ?
-Миний хувьд Сангийн яамнаас гаргасан А3 сертификаттай. Тэр ч утгаараа тендерийн үнэлгээний хороонд ажиллаж байна. Сумынхаа ИТХ-г төлөөлж олон нийтийн оролцоотой болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудад иргэний шугамаар мөн оролцдог.
Тендерийн хуулийг шинэчлэх цаг болсон гэж боддог. Хэцүү шалгуур, болзолтой, олон зүйл шаарддаг, маш өчүүхэн шалтгаанаар компаниудыг тендерээс хасдаг байдлыг өөрчилмөөр байна. Шалгуур өндөр байхаар үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж буй жижиг аж ахуй нэгжид хөгжих боломж олдохгүй байна. Төрийн болон төрийн өмчит компани, төсвийн байгууллагууд байсан цагт худалдан авах ажиллагаа үргэлжилсээр байх болно. Гэхдээ энэ хуулийг өөрчлөхгүй бол хэцүү. Татварын тухай, НӨАТ-ын тухай хууль ч мөн адил.
-Аймгийн болон сумын хурлын ялгаатай тал нь юу вэ? Хөндлөнгөөс харахад зарим төлөөлөгч сум, аймгийн гэсэн зааг гаргах хандлага ажиглагддаг?
-Өмнөх хурлыг харж байхад төсөв мөнгө бага хуваарилагддаг, багуудтай харьцах хэмжээнд ажилладаг байсан юм билээ. Шинэчлэлийн Засгийн газар гарч ирснээр төсөв, түүний зарцуулалтыг дээшээ яам, агентлагууд биш доод шатандаа зарцуулах эрх өгснөөрөө онцлогтой. Ингэж төвлөрлийг сааруулснаар сумын хурлын төлөөлөгч гэдэг утга учир гарч ирсэн.
Аймаг, сумын хурлын тухайд тойргийн хамрах хүрээ ижил ч хэлэлцэх асуудлын цар хүрээ нь хуулиараа ялгаатай.
-Намын бүлгийн үүрэг, чиглэл ямар байдаг вэ?
-“Намын бүлэг засварлага авлаа”, “Намын бүлэг мэдэгдэл хийлээ” зэргээр ярихыг хүмүүс улс төрийн өнцгөөс нь хардаг. Манай хурал цөөхөн удаа завсарлага авч байсан ч иймэрхүү улстөржсөн байдал гаргаагүй.
Би ч бүлгийнхээ гишүүдэд “Бид бүтээн байгуулалтын төлөө явах ёстой, хэрэггүй асуудал дээр улс төржих шаардлага байхгүй” гэдгийг хэлдэг. Бүлэг гэхээр талцаж, нэг нэгэндээ тээг тавих юм шиг санадаг байх. Сумын хурлын үйл ажиллагаа аль ч асуудал дээр ард иргэдийнхээ төлөө, бүтээн байгуулалтын төлөө явж чаддаг.
-Мөрийн хөтөлбөрийн биелэлтээ дүгнэвэл хэдэн хувьтай байгаа вэ? Бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлж дуусах уу?
-Бүлгийн даргын хувьд намын мөрийн хөтөлбөрийг онцгойлон анхаарч ажиллах үүрэгтэй. Манай намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр одоогоор 60 гаруй хувийн биелэлттэй явж байна. Захын гэр хорооллын айл өрхүүдэд халаалт тавих ажил манай намын хэрэгжүүлэх томоохон хөтөлбөрүүдийн нэг. Энэ ажил удахгүй эхэлнэ.
Ямартаа ч иргэдийнхээ хүсэлтээр санал авч, эрэмбэлэх журмаар ажлуудаа гүйцэтгэж байгаа нь эхнээсээ үр дүнгээ өгсөн. Энэ жил МУИС-ийн мэргэжлийн багтай хамтран тооцоо судалгаатай ажил хийсэн. Иргэдэд өгсөн амлалтаа бүрэн эрхийнхээ хугацаанд дуусгана гэдэгт итгэлтэй байна.
-Хөгжлийн тухай таны бодол?
-Зам харгуй, гэрэл гэрэлтүүлэг, байшин барилга гээд амьдрах орчны талаас хийж байгаа ажлууд нь бүтээн байгуулалт, эдийн засгийн хөгжил. Харин хүндээ хийж байгаа хөрөнгө оруулалтыг жинхэнэ хөгжил гэж харах нь зүйтэй болов уу.
Би эрдэм мэдлэг, ёс суртахуун, боловсрол гэх мэт хүний хөгжлөөр тухайн улс, хотын хөгжлийг тодорхойлно гэж ойлгодог. Иргэд нь нэгнээ хүндэлдэг байвал хөгжиж байна гэж ойлгож болно. Монголд 10-аад жилийн дараа ийм хөгжсөн хүмүүс гарч ирнэ байх. Нийгмийн харилцаа сайхан бол хүн аяндаа хөгжинө.
-Өнөөгийн залуус юу хүсч байна вэ?
-Хүссэнээ сурч мэдэх орчин нь нээлттэй болсон. Хөгжье гэвэл боломж нь байна. Байшин барилга барихыг шийдэж чадаж байгаа хэрнээ хүүхдүүдийг хэрхэн сургах талаар манай боловсролын салбарынхан оновчтой шийдэл олж харахгүй байна уу даа гэж санагддаг. Амьдралын таатай орчныг бий болгож чадаж байгаа юм чинь сэтгэл санааны тайван амьдралыг бий болгох л хэрэгтэй байна.
-Таны мөрөөдөл?
-Инженер мэргэжилтэй болоод ч тэр үү би аливааг бодитоор сэтгэж хардаг. Болно, болохгүй гээд л. Өнөөдөр би бурхан багшийн заасан замаар яваа гэж боддог. Хүмүүс урт наслахын төлөө амьдарч байна гэдэг. Би ч мөн тийм бодолтой явдаг. Хувь хүнийхээ хувьд Монгол улсаа хөгжөөсэй, хүмүүсийн амьдрал дээшлээсэй гэж хүсч байна. Мөн ажлын гараагаа эхэлсэн станцынхаа үйл ажиллагааг сайн сайхан байгаасай гэж боддог. Ер нь аливаа зүйлийг сайн сайхан, өөдрөгөөр бодож явах хэрэгтэй.
-Сүүлийн асуултыг танд үлдээе. Нэмж хэлэх зүйл бий юу?
-Байгууллагынхаа өмнөөс иргэдэд хандаж нэг зүйл хэлмээр байна. Манайд үйлдвэрлэсэн цахилгааныг хэрэглэдэг үүрэн телефоны операторууд, кабелийн телевизүүд олон. Тэднийг тарифаа нэмэхэд “Их байна” гэж иргэд хэзээ ч уурладаггүй хэрнээ цахилгаан, дулааны үнийг нэмлээ гэж биднийг шүүмжилдэг. Гар утсаараа хангалттай ярьж, олон суваг үзээд төлбөрийг нь хэл үггүй төлдөг хэрнээ цахилгаан нийлүүлж байгаа газраа огт ойшоодоггүй тал бий.
Үнэндээ ард түмний амьдрал хүнд байна, үндэслэлгүй нэмлээ гэх нь учир дутагдалтай юм. Станц үнэ тарифыг нэг хэмжээнд барьснаас болж алдагдалтай ажиллаж байгаа. Биднийг алдагдалтай ажиллаж байна, ажиллагсдынхаа цалинг бага ч болов нэмэх хэрэгтэй байна гэхийг ер тоодоггүй. Энэ их чухал асуудал тул иргэн та бидний ажлыг зөвөөр ойлгоорой.
И.ТОГТОХ