Аав ээж, эмээ өвөө, ах эгчийн амин эрдэнэ, эх орны гэгээн ирээдүй болсон хүүхэд багачууд та нартаа Баян-Өндөр сумын ИТХ-ын нийт төлөөлөгчдийн нэрийн өмнөөс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндчилгээг чин сэтгэлсээ хүргэж байна. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал бүрэн эрхийн хугацаанд сургууль, цэцэрлэгийн орчин сайжруулах, техник хэрэгслээр хангах, хүүхдийн тоглох тоглоомын талбайг орчин үеийн амралт чөлөөт цагийн талбай байгуулах гэх мэт олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Энэ онд гэр хорооллын Наран цогцолбор сургуулийн гадна талын спортын талбайг иж бүрнээр тохижуулах, Их залуу багийн 15-р сургуулийн гадна орчинд мод тарих, мэдээллийн технологийн кабнетийг компьютер техник хэрэгслээр хангах, 7-р сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн анги танхим тохижуулж, багш, сурагчдын ширээ сандал авах гэх мэт маш олон ажлуудыг сумын ОНХС-ийн хөрөнгөөр хийхээр төсөв баталсан.
Монголынхоо мянга мянган хүүхэд багачууддаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг дахин хүргэж, үргэлж инээд хөөр, баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн байхын ерөөл өргөе! Хүүхдүүдээ та бүхэн сайхан баярлаарай!