XVII жарны тийн ялгуусан хэмээх модон морь жилдээ Сумын ИТХ-аас “Ухаалаг төрийн төлөө” ажиллах жил болгон зорилт дэвшүүлж, Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэн Сумын ОНХС-гийн 6.4 тэрбум төгрөгийн төсвөөр гүйцэтгэх хөтөлбөр төслийг баталснаар гэр хорооллын гудамжинд гэрэлтүүлэг тавих, гудамжны зам, гүүр засварлах, өргөтгөх, хүүхдийн тоглоомын талбай байгуулах, орон сууцны дээвэр заадсын засвар, орцонд лед гэрэл, кодтой хаалга хийх зэрэг бүтээлч ажлуудыг иргэдийн оролцоотой хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын жил байлаа.
Энэ жил сумын нийт өрх 2.5 хувиар, хүн ам 1.7 хувиар өсөж, 2450 гаруй хүүхэд шинээр төрснөөс Монгол улсын 3 сая дахь иргэний чацуутан мэндэлсэн аз завшаан бидэнд тохиосон. Сумын хэмжээнд 609.1 га-д үр тариа тариалж 1125.9 тн улаан буудай, 192,7 га-д төмс тариалж 1854.5 тн, 97.76 га-д хүнсний ногоо тариалж 944.9 тн ургац тус тус хураан авч хүн амын хүнсний хэрэгцээг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангасан нь манай иргэд тариаланчдын нөр их хөдөлмөрийн үр дүн юм.
Сумынхаа азай буурал хөгшид, хүүхэд залуучууд, нийт иргэд та бүхэндээ ирж буй ХVII жарны галзууруулагч хэмээх модон хонин жилдээ
Ах дүү төрөл төрөгсөд, үр хүүхэд элэг бүтэн
Ахмад настан өвгөд хөгшид урт наслан
Ажил бүтээл нь амжилт бүтээлээр арвин
Алдрай биесүүд нь өвчин зовлонгүй эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Айл бүхэн идээ ундаа элбэг дэлбэг, хотол олноороо сайхан шинэлээрэй.
БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Н.ЖАРГАЛСАЙХАН,
ТЭРГҮҮЛЭГЧИД, ТӨЛӨӨЛӨГЧИД,
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА