Орхон аймгийн “НАР ТУССАН ЦАГ” сонинны төлөөлөгчийн цаг буланд Баян-Өндөр сумын төлөөлөгчийн өгсөн ярилцлагыг хүргэж байна. № 01 /87/
Төлөөлөгчийн цаг
П.БАЯНМӨНХ: Монгол улсад ISO 9000 стандартыг хэрэгжүүлсэн төрийн захиргааны байгууллага алга
“Төлөөлөгчийн цаг” буланд үзэл бодлоо илэрхийлэн, өөрсдийн дуу хоолойг хүргэсэн хүн бүрийн санаачилж, төлөвлөсөн ажлууд 2015 онд биелэлээ олох нь дамжиггүй. Шинэ оны анхны дугаартаа бид Баян-Өндөр сумын ИТХ-ын тэргүүлэгч Пүрэвийн Баянмөнхийг урьж ярилцлаа. Сумын ИТХ-д Уурхайчин багийн иргэдийн төлөөлөл болон сууж байсан тэрээр энэ удаагийн бүрэн эрхийн хугацаанд намынхаа төлөөлөл болж сонгогдсон.
“Том төрөөс ухаалаг төр лүү бид хэрхэн алхах вэ?” гэсэн асуултын хариуг эрэлхийлэн, гаргалгааг зөв шийдэлтэй байлгахад П.Баянмөнх төлөөлөгч ухаанаа уралдуулан явна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Чанар хяналтын хэлтэст ахлах чанарын менежерээр ажилладаг тэрээр төрийн байгууллагад Олон улсын ISO-9001 Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэхээр зорьжээ. Ямартаа ч Баян-Өндөр сумын Засаг дарга 2015 оныг “Чанарын жил” болгон зарласантай холбогдуулан стандартыг мөрдөх ажил бодит ажил хэрэг болох нь. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө манай уншигчдад ISO стандартын тухай ойлголт өгөхгүй юу?
-Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад чанар сайжруулах үйл ажиллагаа ихээхэн идэвхжин, хэрэглэгчийн хүсэл, шаардлагыг ханган биелүүлэх явдлыг онцгойлон үзэж, “Хэрэглэгч бол хаан” гэсэн зарчмыг хэрэгжүүлэх болсон.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг хэрэглэгчийн хүсэл, шаардлага, холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцүүлж, сайжруулахын тулд түүнийг шинжлэх ухааны үндэстэй удирдаж сурах хэрэгтэй юм. Удирдлагын ийм арга зүйн үндэсийг Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч, Олон улсын Стандартчиллын байгууллагаас аж ахуйн нэгж, байгууллагад зориулсан чанарын удирдлагын тухай ISO 9000 бүлэг стандартыг анх 1987 онд баталсан.
“ISO 9000 бүлэг стандарт” нь тодорхой аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэглэгч буюу үйлчлүүлэгчийнхээ шаардлагыг тогтвортой хангаж, түүний сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд уг байгууллага хэрхэн ажиллахыг зааж өгсөн харилцан уялдаа бүхий багц стандарт гэж ойлгож болно. Мөн “ямар ч хэлбэр, хэмжээтэй, ямар ч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг буюу үйлчилгээ үзүүлдэг байгууллагад хэрэглэж болох чанарын удирдлагын тогтолцоог тодорхойлсон багц стандарт” хэмээдэг.
Энэ нь төрийн байгууллагад чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Өнөөдөр манай оронд хувийн секторийн олон салбар тухайлбал, зочид буудал, зоогийн газар, үсчин, худалдааны байгууллагууд зэрэг үйлчилгээний газрууд өөрийн үйл ажиллагаанд мөрдөж хэвшүүлдэг стандартчиллын байгууллагаас гаргасан стандарттай ажиллаж байна. Иймээс төрийн захиргааны байгууллагууд тэр дундаа орон нутгийн захиргааны байгууллагуудад стандартчиллын байгууллагаас гаргасан Монгол улсын стандарт буюу MNS стандарт хэрэгжүүлэх шаардлагатай байна. Өнөөгийн нийгмийн хэрэгцээ ч иргэдэд ойрхон төр байхад чиглэгдсэн.
-Дэлхийн улс орнуудад ISO 9000 чанарын стандартыг нэвтрүүлсэн байгууллага олон байдаг уу?
-2014 оны мэдээнээс үзэхэд чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартыг дэлхийн 200-аад орны нэг сая 600 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага нэвтрүүлж, бүртгүүлсэн байдаг. Манай орны хувьд 1990-ээд оны дунд үеэс “Говь” ХХК дээр ISO 9000-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Монгол улсын хэмжээнд 2014 оны байдлаар 74 байгууллага, аж ахуйн нэгж хэрэгжүүлсэн дүн гарсан. Гэвч 74 байгууллага гэдэг нь өнөөдрийн түвшинд чамлалттай тоо бөгөөд одоогоор хэрэгжүүлсэн төр захиргааны байгууллага алга. Энэхүү ISO 9000-ийг 1994, 2000, 2008 онуудад шинэчилж өөрчилсөн байдаг.
Баян-Өндөр сумын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг 3009 аж ахуй нэгж байгууллага байгаагаас аж үйлдвэрийн салбарт 91, төрийн өмчит үйлдвэрийн газар 4, орон нутгийн өмчит 7, худалдаа үйлчилгээний 2901 аж ахуй нэгж бий. Эдгээрийн тодорхой хувь нь өөрийн байгууллагад ISO9001-ийг мөрдлөг болгон ажиллаж байгаа.
-Аж ахуйн нэгжид амжилттай хэрэгжиж байгаа чанарын удирдлагын стандартыг төрийн байгууллагад нэвтрүүлснээр ямар өөрчлөлт гарах вэ?
-Төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд, төрийн албанд чанарын стандарт бий болгож, амжилттай ажиллаж байгаа хувийн хэвшлийн байгууллагын шилдэг менежментээс төрийн байгууллага суралцах, нэвтрүүлэх шаардлага гарч байгааг судалж, түүнд дүн шинжилгээ өгөх цаг нь болсон гэж боддог.
Төрийн удирдах ажилтны харилцааны ур чадвар нь захиран тушаахдаа бус, гол нь иргэдийн бие дааж амьдрах, үйл ажиллагаагаа явуулах, үнэнч шудрага байдлыг хангахад чиглэгдэж байна. Сумын нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг буюу төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үүргийг Засаг даргын тамгын газар /ЗДТГ/ хэрэгжүүлдэг бөгөөд үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, захирамж, Иргэдийн төлөөлөгчдийн хурал түүний Тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг мөрдлөг болгодог.
Чанарын удирдлагын стандарт төрийн байгууллагад нэвтэрснээр төрийн байгууллагын хүнд суртал арилж, “Том төрөөс ухаалаг төр лүү” чиглэсэн бодлого бодит ажил хэрэг болох юм.
-Тэгвэл Баян-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газарт чанарын удирдлагын стандартыг нэвтрүүлснээр дээрх үр дүн гарна гэж харж болох нь ээ?
-Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг байнга сайжруулах, төлөвлөсөн зорилго, үр дүндээ хүрэх, иргэдийн хэрэгцээ, шаардлага, сэтгэл ханамжийг тогтвортой хангаж байхын тулд сумын Засаг даргын ажлын албаны шуурхай удирдлагыг “чанараар” удирдах буюу чанарын удирдлагад тулгуурлан хэрэгжүүлэх асуудал нэн чухал болоод байна. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд манай хурлын байгууллага ч энэ онд идэвхтэй ажиллахаар төлөвлөөд байна.
-Чанарт хүрэхэд шат дараатай алхам хэрэгтэй байх?
-Зорилгодоо хүрэх хэд хэдэн зорилт дэвшүүлсэн. Үүнд: Хууль тогтоомжийн болон Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагааны хэрэгжилтийн талаарх иргэдийн ерөнхий үнэлгээг гаргах, Орон нутгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагааны хэрэгжилтийн талаарх олон нийтийн, сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлох, Нутгийн төр захиргааны байгууллагаас иргэд хэрэглэгчдэд хүргэж буй төрийн ажил үйлчилгээг боловсронгуй болгох, хүртээмжийг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлж буй ажлын үр дүнгийн талаарх хэрэглэгчийн үнэлгээг тодруулан гаргах, Төр захиргааны байгууллага, институцийн үйл ажиллагааны талаарх ард иргэдийн үнэлгээг тогтоох зэргийг оруулсан.
Мөн Чанарын тухай үндсэн ойлголтууд, үзэл баримтлал, ISO 9000 чанарын удирдлагын тогтолцооны стандартууд, чанарын удирдлагын тогтолцооны хөгжлийн чиг хандлага, нэвтрүүлсэн гадаадын туршлагуудыг судлах, Орон нутгийн Засаг даргын Тамгын газрын чанарын удирдлагын тогтолцооны өнөөгийн төлөв байдалд шинжилгээ хийх, Орон нутгийн Засаг даргын тамгын газрын үйлчилгээний чанарт нөлөөлөх хүчин зүйлсийг судлаж, чанарын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох арга замыг тодорхойлох, Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажилагааны чанарын удирдлагыг сайжруулах зөвлөмжийг боловсруулах ажлууд шат дараатай хийгдэнэ.
-2014 онд Баян-Өндөр сумын Иргэдийн хурал стандартын чиглэлээр ямар ажлууд зохиосон бэ?
-Сумын ИТХ-ын үйл ажиллагааны 2014 оны ажлын төлөвлөгөөнд 6 чиглэлээр 64 зорилт дэвшүүлж, 137 арга хэмжээг хэрэгжүүлэхээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан. Биелэлт нь 92,3 хувьтай байна. Бид өнгөрсөн онд Монгол улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү санаачилгыг дэмжих” зөвлөмжийг хэрэгжүүлэн, 2014 оныг “Ухаалаг төрийн төлөө хамтдаа ажиллах жил” болгох зорилт дэвшүүлсэн.
Энэ хүрээнд төрийн байгууллагад чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх тухай болон бусад төлөвлөгөөт сургалтанд төлөөлөгчид, ЗДТГ болон хурлын ажлын албаны ажилтнуудыг оролцуулсан.
-“ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоо гэдэг зүйл юугаараа чухал, ач холбогдолтой юм бэ? Энэ тогтолцоог хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрдэг вэ?
-Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандарт бол үнэхээр хүчирхэг хэрэгсэл. Хамгийн энгийнээр хэлбэл тавьсан зорилтдоо тогтвортойгоор хүрэх тухай хэрэглээний онол юм. Демингийн мөчлөгийг байгууллага ойлгоод, жинхэнэ утга агуулгаар нь хэрэгжүүлж чадвал үйл ажиллагаагаа байнга сайжруулаад явна. Хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг байнга дээшлүүлж чадна. Гүйцэтгэлээ сайжруулж болно. Гологдлоо бууруулж чадна. Хэрэглэгчдээс ирэх гомдлын түвшинг бууруулна. Байгууллагын үйл ажиллагаа, гүйцэтгэлийг сайжруулдаг хэрэгсэл худалдан авахтай яг адилхан үр дүнтэй юм. ISO 9001-ийг нэвтрүүлэх шийдвэр гаргах нь маш ухаалаг бүтээгдэхүүн худалдаж авахтай адилхан.
Нэн түрүүнд удирдлага, удирдлагын тогтолцоо гэж юу болохыг ойлгох хэрэгтэй. Чанарын удирдлагын тогтолцоог байгууллагаа яаж удирдахыг хэлж өгдөг зааварчилгаа, ойлголт гэж ойлгож болно. Удирдлагын тогтолцоо нь тухайн байгууллага тодорхой чиглэлээр ямар нэгэн зорилго тавьж байгаа бол ямар ч доголдолгүйгээр гүйцэтгэлээ хийж, хүссэн үр дүндээ хүрэх боломжийг олгодог. Энэ зорилт нь чанар, эсвэл хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны чиглэл, эсвэл хүнсний аюулгүй байдал гээд ямар ч асуудлыг өмнөө тавьж болно. Түүндээ тодорхой хугацаанд яаж хүрэхийг Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандарт зааварчилж өгдөг гэсэн үг.
-Хурлын Тэргүүлэгчээр ажиллаж байгаа таны хувьд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д чанарын менежерээр ажилладаг нь давуу тал болж байгаа байх. Та үйлдвэрт ISO стандартыг нэвтрүүлэх чиглэлээр хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би анх 1995 онд “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Нунтаглан баяжуулах хэсэгт тээрмийн машинистаар ажлын гараагаа эхэлж, хөвүүлэн баяжуулагч, чанарын мастераар ажиллаж байсан. Одоо “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хэмжээнд Чанарын удирдлагын тогтолцооны ISO- 9001 стандартын асуудлыг хариуцаж Чанар хяналтын хэлтсийн Стандартчилал, Чанарын албыг ахлан ажиллаж байна.
ОХУ-ын Санкт-Петербург хотын Уул уурхайн их сургуулийг “Ашигт малтмал баяжуулалтын технологи инженер” мэргэжлээр төгссөн. 2010 онд Монгол Улсын ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуульд “Эрдэнэтийн овооны Зэс-Молибдены сэвхэт хүдрийн баяжуулалтанд идэвхтэй цуглуулагчийг сонгон технологийн үзүүлэлтийг сайжруулсан судалгаа” сэдвээр техникийн ухааны магистр зэрэг хамгаалсан. 2003, 2005, 2006, 2010 онуудад Монгол, ОХУ, Сингапур улсад Чанар, Байгаль орчны менежмент болон бусад Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, менежментийн асуудлаар мэргэжил дээшлүүлсэн. Мөн өнгөрсөн онд Их Британи улсын Q80 IRCA-ийн зөвшөөрөлтэй ISO 9001 “Чанарын удирдлагын тогтолцооны Тэргүүлэх аудиторын сургалт”-нд хамрагдан, Чанарын удирдлагын тогтолцооны Олон улсын тэргүүлэх аудиторын эрх авсан.
-Шинэ оны босгон дээр Орхончууддаа хандаж мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Баян-Өндөрчүүд, Эрдэнэт хотын ард иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудаа үйл ажиллагаагаараа Олон улсын хэмжээнд чанар, стандартаар өрсөлдөхийг уриалъя.
Хонин жилд та бүхний амьдрал, ажил үйлс дэлхийн жишигтэй уралдан улам бүр чанаржин дээшилж, эрүүл энх, аз жаргалтай байж, илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөе. “Чанарыг эрхэмлэн”, “Стандартыг хэрэгжүүлж”, удирдлагадаа Олон улсын стандарт нэвтрүүлснээр та бидний хамтдаа хөгжих боломж нэмэгдэхийн зэрэгцээ сум орон нутгаа хөгжүүлэх их үйлсийн нэгээхэн хэсэг байх болно гэдэгт итгэлтэй байна.
И.ТОГТОХ