Орхон аймгийн “НАР ТУССАН ЦАГ” сонинны төлөөлөгчийн цаг буланд Баян-Өндөр сумын төлөөлөгчийн өгсөн ярилцлагыг хүргэж байна. № 42, 43 /85,86/
Хууль зүй, хурал, захиргааны бодлого зохицуулалтын байнгын хороо
Д.ЦОГ-ОЧИР: ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АЖИЛЛАХ НӨХЦӨЛИЙГ ХАНГАХ ХЭРЭГТЭЙ
Уртбулаг багийн төлөөлөгч, Хууль зүй, хурал, захиргааны бодлого зохицуулалтын хорооны дарга Даваасүрэнгийн Цог-Очиртой ярилцлаа.
-Юуны өмнө хорооныхоо чиг үүргийн талаар танилцуулна уу?
-Манай хороо төлөөлөгчдийн ёсзүйн асуудлаар ярихаас гадна УИХ, Засгийн газраас гаргасан зарлиг, тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангуулахад чиглэн ажилладаг. Мөн Баян-Өндөр сумын ИТХ, Засаг дарга, түүний Тамгын газрын тогтоол шийдвэрийг хуулийн дагуу, үнэн зөв гарч байгаа эсэхэд болон биелэлт нь ямар байгаад хяналт тавих үүрэгтэй.
Олон салбарт хамтарч ажиллахын зэрэгцээ бусад байнгын хороодын ажилд ч төлөөлөл болон оролцдог. Манай хороонд сумын хурлын төлөөлөгч М.Толя, Л.Түмэндэмбэрэл, Б.Цэгмид, Б.Оюунбилэг нар гишүүнээр ажиллаж байна. Бид төлөвлөгөөнийхөө 80 хувийг хэрэгжүүлээд байгаа.
-2014 онд ямар ажлууд хийсэн бэ?
-Тамхины тухай хуулийн хэрэгжилтийн сөрөг болоод эерэг үр дүнгийн талаар нэлээд хяналттай ажилласан. Хурлын байгууллагын зүгээс тамхи худалдан борлуулж байгаа цэгүүдэд анхааруулга өгсөн.
Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн цэвэрлэх байгууламжтай танилцахад “Эрдэнэт хивс” ХХК-ийн хаягдал ус сөрөг нөлөөтэйг мэдсэн. Хаягдал усыг химийн болон биологийн гаралтай гэж ангилж байгаа бөгөөд “Эрдэнэт” үйлдвэр биологийн гаралтай, хивсний үйлдвэр аль аль усыг нь гаргадаг юм байна. Химийн гаралтай усны хортой нөлөө их байдаг тул тусдаа цэвэрлэх байгууламжтай болох талаас нь шаардлага тавьсан.
Бид “Сум хөгжүүлэх сан”-ийн зээлд тавигдаж байгаа шалгуурыг уян хатан байлгаж, зээл хүссэн иргэдийг харж үзэх талаас нь шийдвэрлэсэн.
-Таны сонгогдсон Уртбулаг багийн иргэдэд тулгамдсан ямар асуудал байна вэ?
-Манай багт дээвэр, заадас засварын ажлууд 60 хувьтай хийгдсэн. Явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэргийг тулгамдсан асуудал гэж харахгүй байна. Харин орон сууцны давхар хоорондын цахилгааны шитны асуудал гамшгийн хэмжээнд хүрснийг шийдэх цаг болсон. Хуучны 12 байрнаасаа эхний ээлжинд 6 байранд засвар хийнэ. Энэ хүрээнд мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гаргуулж, ирэх онд ажлаа хийхээр төлөвлөөд байгаа.
Манай багийн нэг давуу тал нь сумын хуралд 2, аймагт 2 төлөөлөлтэй. Тэр утгаараа үйл ажиллагаа явуулахад харьцангуй нааштай, намчирхах гэхээсээ илүүтэй иргэдийнхээ төлөө нэгдэн ажиллаж чаддаг. Бүтээн байгуулалтын ажлыг гацаая гэсэн байдлаар ханддаг хүн нэг ч байхгүй. Ер нь сумын хурлын төлөөлөгчид ч нам дагаж үзэл бодлоо илэрхийлэх бус иргэдийн эрх ашгийн өмнөөс асуудлыг шийдэж байгаа нь сайхан санагддаг.
-Хөндлөнгөөс харахад хурлын байгууллага үйл ажиллагаандаа юуг анхаарах шаардлагатай байна вэ?
-Хурлын байгууллага тогтмол үйл ажиллагаатай байх, иргэдэд нээлттэй үйлчлэхэд төлөөлөгчдийн мэргэжлийн туршлагаас гадна санхүүгийн чадамж чухал байна. Өнөөдөр тойрогтоо ажиллах, холбогдох аж ахуйн нэгж рүү очих зэрэгт өөрөөсөө 100 хувь зардлаа гаргадаг. Тэгэхээр төлөөлөгчдийн ажиллах нөхцөл боломжийг хангахад бодлогын цогц арга хэмжээ авах хэрэгтэй санагддаг. Иргэдийнхээ итгэл найдварыг тээсэн учраас төлөөлөгчид өөрсдийн боломжоор ажиллаж байгаа.
Бүтээн байгуулалт, хурлын байгууллагаар шийдэж байгаа асуудал болоод хамтарч ажиллаж байгаа зэрэгт хурлын байгууллагад “сайн” үнэлгээ өгнө. Гэхдээ бүтээн байгуулалтын ажилд гүйцэтгэгчээр шалгарсан компани, иргэдийн оролцоотой бүлгүүдэд тааруу зүйл бий. Хяналтын тогтолцоо муу байгаа нь харагддаг. Босоо бүтэцтэй байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй санагддаг.
-Төлөөлөгч хүний ёс зүйн талаар?
-Баян-Өндөр сумын Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дүрэм, журам гэж бий. Үүнд захирагдаж, үйл ажиллагаагаа явуулах ёстой. Мэдээж хувь хүнийхээ зүгээс алдаж, онох зүйл байх ч жирийн иргэдийг бодоход төлөвшлийн хувьд илүү байхыг нийгэм шаардана. Тойрогтой төлөөлөгчдийн хувьд ийм байдал илүү мэдрэгддэг байх.
Сонгогчид 2016 онд дан ганц төлөөлөгчид бус түүний цаана байгаа нам, улс төрийн хүчинд ч мөн дүн тавина. Тиймээс хариуцлагатай байх нь чухал.
-Залуу хүний хувьд Эрдэнэт хотын хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-Бид хөгжил гэж ярьдаг ч тэрхүү хөгжил чухам юунаас эхлэх вэ гэдэгт ойлголт муутай байна. Залуучууд аливаа асуудлыг бодлогын түвшинд гаргаж ирэх хэрэгтэй. Уулын үйлдвэрийн ашиглалт дуусахад энд юу үлдэх вэ гэдгийг харах цаг нь болсон. Наанадаж “Эрдэнэт” үйлдвэрийг дагасан бичил үйлдвэр хэдийг барьж болох вэ гэдгийг бид харъя. Цогц бодлого боловсруулж чадвал Эрдэнэт хөгжих боломжтой сайхан хот.
-Баярын дугаарт маань мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Нийт Орхончууддаа ирэх онд ажлын амжилтаар дүүрэн байж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.
И.ТОГТОХ