ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТЭРГҮҮЛЭГЧ В.БАТТУЛГА: ХИЙЕ ГЭЖ БОДСОНОО ХЭРЭГЖҮҮЛЖ ЯВНА

2015-01-29

Орхон аймгийн “НАР ТУССАН ЦАГ” сонинны төлөөлөгчийн цаг буланд Баян-Өндөр сумын төлөөлөгчийн өгсөн ярилцлагыг хүргэж байна. № 42, 43  /85,86/ 

Төлөөлөгчийн цаг

В.Баттулга: Хийе гэж бодсоноо хэрэгжүүлж явна

            Уламжлалгүй шинэчлэл гэж байдаггүйтэй адил ахмадаасаа суралцдаггүй залуу үеийнхэн гэж үгүй. “Төлөөлөгчийн цаг” булангийн зочид маань өөрсдийн үзэл бодлоо хуваалцаж, шинэ санаагаа “уралдуулсаар” хоёр оны зааг дээр ирлээ. Бид булангийнхаа ээлжит зочноор Шанд багийн төлөөлөгч, сумын ИТХ-ын тэргүүлэгч Ванчигийн Баттулгыг урьсан юм. Баян-Өндөр сумыг аймгаасаа хараат бус төсөвтэй болгохоор хэтийн бодол тээн, хэрэгжүүлэх шийдлээ хайж яваа эрхэм төлөөлөгчийн яриаг уншигч танд хүргэхэд таатай байна. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Хүдрийн ил уурхайд бульдозерын машинистаар ажиллахын зэрэгцээ сонгогчдынхоо санаа бодлыг байнга хуваалцдаг төлөөлөгчдийн нэг.

-Оны ажлаа дүгнэж, шинэ зорилтоо тодорхойлсон энэ өдрүүдэд та Шанд багийнхаа иргэд, сонгогчдод хэлэх үгтэй ирсэн байх. 2014 онд ямар ажлууд амжуулав?

-Манай багаас эхэлсэн гэрэлтүүлгийн ажил 2014 онд үргэлжилж, зарим хэсэгт гэрэл нэмж тавьсан. Энэ санаачлага Шандаас эхэлсэнд төлөөлөгчийн хувьд баярлаж явдаг. Багийн иргэдээс жалга дамнасан гүүртэй болох санал олонтаа оруулж ирдэг тул энэ асуудлыг шийдвэрлэж, явган хүний гүүр барьлаа. Мөн “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ХХК-тай хамтран хүчдэл их унадаг айлуудынхаа цахилгааны асуудлыг шийдэж, энэ ажлынхаа хүрээнд ойр орчмынх нь 500-аад метрийн зайд хүчдэлийг сайжруулсан.

Шанд багийн иргэдэд ундны усны асуудал хүнд, зөөвөрлөх газар нь хол. Иймд баригдсан худгийг ажилд оруулахаар ярилцаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн Хүдрийн ил уурхайтай хамтран энэ ажлаа хэрэгжүүлнэ. Манай тойрог Шанд, Даваат гэсэн 2 багийн зохион байгуулалттай болж, иргэдэд хэрэгцээтэй гэсэн бүхий л асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Багийн иргэд маань ирэх онд хийх ажлаа эрэмбэлсэн. Тэд нэн тэргүүнд хүүхдүүдийн тоглох орчныг сайжруулах, цэцэрлэгт хүрээлэнтэй болох санал гаргасан.  

Шандын 17-р сургууль, 22-р цэцэрлэг, Их залуу багийн 15-р сургууль, 23-р цэцэрлэг орчимд хөл бөмбөг, сагс, волейболын талбайтай, хүмүүс амарч  суух зориулалт бүхий томоохон цогцолбор барихаар ярьж байна. Уг талбайг 130-140 сая төгрөгт багтаахаар төсөвлөсөн. Мөн хурлын залуу төлөөлөгчид” Наран” цогцолбор сургуулийн гадна орчныг тохижуулахаар төсөл хэрэгжүүлж байна. Ингэснээр Их залуу, Яргуйт, Шанд, Даваат, Наран, Цагаанчулуут, Рашаант багийн хүүхдүүд рүү чиглэсэн томоохон ажил болох учиртай.  

-Шанд багт тулгамдсан асуудал юу байна вэ?

-Даваат багийн араар үерийн далан барих шаардлагатай байгаа. Эрдэнэт хот хур ихтэй учраас зундаа айлуудын хашаа руу их ус орж ирдэг. Тиймээ ч Булаг, Баянбулаг багтай хамтарч далан барих санал оруулахаар төлөвлөж байна. Шанд багаас аймгийн ИТХ-д сонгогдсон Манлайбаатар төлөөлөгчтэйгээ энэ талаар ярилцаж, хамтран ажиллаж байгаа.

Мөн манай багтай шифийн холбоотой 3 байгууллага “Эрдэнэт” үйлдвэрт бий. Тэднээсээ ч туслалцаа хүснэ. Цахилгааны хувьд хүчдэл унадаг 3-4 гудамжаа жигдрүүлж, явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээ тавих хэрэгтэй байна. 17-р цэцэрлэгийн урд гарц байхгүй, замын 2 талаар явган хүний замгүй зэрэг нь ихээхэн асуудал болдог. Замын цагдаагийнхантай уулзаж, энэ асуудлаа шийднэ.

-Иргэдийн саналыг сонсох, түүнийгээ ИХТ-д уламжлах, хорооны ажилдаа оролцох гээд төлөөлөгчдийн ажил их. Таны хувьд ямар төлөөлөгч байхыг хичээж байна вэ?

-Дээр үед “гүйдэг” нярав гэж байдаг байсан. Төлөөлөгч хүн нэгэнт л “Би чадна” гэж тухайн багт өрсөлдөөд, иргэдийн итгэлээр сонгогдсон болохоор хөдөлгөөнтэй, нярав шиг ажиллах хэрэгтэй байх. Миний хувьд аль аль ажлаа зохицуулж, багийн Засаг даргатайгаа байнгын холбоотой ажилладаг. Хийе гэж бодсоноо хэрэгжүүлж явна. Хурлын бүрэлдэхүүн сонгогдсоны дараахан “Орон нутгийг хөгжүүлэх сан”-ийн хөрөнгөтэй болсноор санаачлага гаргаж, ажил хийх боломжтой болсон. Энэ онд батлагдсан 3 тэрбум төгрөгөөс төлөөлөгч бүр л авахыг, тойрогтоо юм хийхийг бодож байна.

-Төсөв санхүү, хөрөнгө орууллалтын хорооны гишүүнээр ажилладаг таны хувьд хэрэгжүүлж болохуйц харагддаг шинэ санал санаачлага юу байна вэ?

-Төсөв санхүү, хөрөнгө оруулалтын хороонд хамаардгийн хувьд Баян-Өндөр сумыг өөрийн гэсэн Төрийн сантай болгох юмсан гэж их боддог. Миний зорьж байгаа ганц том зүйл энэ. Сум төсвөө өөрөө бүрдүүлдэг, тусдаа татварын байцаагчтай болох ёстой. 90 мянган хүн амтай сум Монгол улсад байхгүй. Хүмүүс Дархан-Уул аймагтай адилтгадаг ч гэлээ төв нь 2-3 суманд хуваагддаг байх жишээтэй. 3000 хүн амтай сум татвараа авч, орлогоо бүрдүүлээд Төрийн сангаараа гүйлгээ хийж байхад манайх аймгаасаа хараат байдалтай байсаар ирсэн. Манай нэг багийн дундаж хүн ам 5000-д хүрчихлээ.

Хүн амын орлогын албан татвар хуулийн дагуу суманд төвлөрөх ёстой. Ашигт малтмал, газрын нөөц ашигласны төлбөр аймагт орж байгаа ч мөн чанартаа суманд орох ёстой. Ингээд бодохоор бидэнд өргөжих боломж бий. Зөвхөн ХАОАТ-ыг манайх сумандаа авахад л болчихож байгаа юм. Уг нь Баян-Өндөр сумыг дангаараа 1 тэрбум 600 сая төгрөгийн төсөв бүрдүүлэх боломжтойг татварын байцаагч хэлсэн.

Ямартаа ч Худалдан авах ажиллагааны ажилтантай болсон нь нэг алхам гэж харж байна. Сум тендер зарлах шаардлага гарахад аймгаас мэргэжилтэн ирдэг, ирэх гэж хугацаа алддаг байсан. Энэ байдал цэгцэрнэ байх. Дээрээсээ татаастай манайх шиг суманд хэлэлцэх, хянах төсөв үнэндээ байдаггүй. Сумаас төсөвтэй ганц газар нь баг. Гэтэл мөнгөгүй газрыг бид шалгаж хянаад яах билээ.

-Тойргийнхоо иргэдэд болон нийт Эрдэнэтчүүддээ хандан шинэ оны мэнд дэвшүүлнэ үү?

-Гэр хорооллын сургууль цэцэрлэгт суралцдаг хүүхдүүд та бүхэн сумын ИТХ-ын төлөлөөгч ах эгч нартаа мессэж бичээрэй гэж захья. Та нарын явуулсан мессэж бидний ажилд том дэмжлэг болно.

Мөн Баян-Өндөр сумын нийт иргэд, Шанд, Даваат багийн сонгогчиддоо 2015 онд та бүхний минь санасан ажил төрөл сэтгэгчилэн бүтэх болтугай гэж ерөөе. Миний санаж байгаа бүхэн таны хүслээр биелэх болно. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

И.ТОГТОХ


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%