ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДБХТБОАХХорооны дарга Б.ХЭЭРИЙНБААТАР: ХУРЛЫН БУС ҮЕД ХОРООД САЙН АЖИЛЛАХ ЁСТОЙ

Орхон аймгийн “НАР ТУССАН ЦАГ” сонинны төлөөлөгчийн цаг буланд Баян-Өндөр сумын төлөөлөгчийн өгсөн ярилцлагыг хүргэж байна. № 41/84/

Төлөөлөгчийн цаг

Дэд бүтэц, хот тохижилт, байгаль орчны асуудал хариуцсан хороо

Б.ХЭЭРИЙНБААТАР: Хурлын бус үед хороод сайн ажиллах ёстой  

            Уул уурхайн бүтээн байгуулалт болсон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулж, инженерийн нарийн хараагаар санаа оноогоо хуваалцаж, санаснаа ажил хэрэг болгож яваа төлөөлөгчийг энэ дугаартаа зочноор урьлаа. Тэрээр сумын ИТХ-д үзэл бодлоо “уралдуулж” суугаа 10 гаруй инженерийн нэг.

            Үндсэн ажлынхаа хажуугаар сумын ИТХ-ын дэргэдэх Дэд бүтэц, хот тохижилт, байгаль орчны асуудал хариуцсан хорооны даргын үүрэгт албатай тэрээр зав чөлөө багатай ажээ. Их хотынхоо бүтээн байгуулалтанд шинэлэг санаагаа нэмэрлэж, энэ цагийн хуралд иргэдийн итгэлийг алдалгүй ажиллаж буй Батаагийн Хээрийнбаатартай ярилцсанаа уншигч тантай хуваалцая.

-Танай хороо Баян-Өндөр сумын хэмжээнд ямар асуудлыг хариуцдаг вэ? Товч мэдээлэл өгөхгүй юу?

-Бид “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр сумын дэд бүтэц, хот тохижилт, байгаль орчны чиглэлээр хийгдэж байгаа ажлууд хэр үр ашигтай байна вэ гэдэгт хяналт тавьдаг. Тэр дундаа хотын инженерийн шугам сүлжээний ажлын гүйцэтгэлд явцын болон эцсийн байдлаар хяналт тавьж оролцдог. Ингэхдээ тэдгээр ажлыг зураг төсвийнхөө дагуу хийгдэж байна уу, үгүй юу гэдэгт хяналт тавьж, гүйцэтгэгч тухайн ажлыг зураг төсвийн дагуу бус, чанаргүй, өгсөн зураг төсөвт багтаан хийгээгүй тохиолдолд Иргэдийн хурлын тэргүүлэгчдээр дамжуулан холбогдох газруудад уламжилж ажилладаг.

            Манай хороо инженерүүдээр багаа бүрдүүлсэн. “Эрдэнэт” үйлдвэрийн инженер Өлзийбаяр, тус үйлдвэрийн чанар стандарт хариуцсан мэргэжилтэн, хурлын тэргүүлэгч Баянмөнх, цахилгааны инженер Н.Ганболд, Ойн ангийн дарга Бо.Ганболд гэсэн гишүүдтэй.

-Өнгөрсөн оны ажлаа дүгнэхэд Баян-Өндөр сумын хэмжээнд бүтээн байгуулалтын ямар ажлууд хийгдэв? Танай хорооны зүгээс санаачлага гаргаж оролцсон ажлуудаасаа нэрлэхгүй юу?

-Төсөв баталсан гол ажлууд дууссан. Одоогоор оройтож эхэлсэн зарим ажил гүйцэтгэл дутуу байгаа. Бид орон сууцны дээвэр засварын ажил гүйцэтгэсэн “Борхуд” компанийн ажилтай 2 удаа танилцаж, явцын шалгалт хийсэн. Шинэ технологийн дагуу хийсэн энэ ажилд тухайн компани 10 жилийн баталгаа өгсөн. Иргэд сэтгэл ханамжтай байгаа ч ирэх хаврын бороо үр дүнг нь харуулах байх. 

            Мөн орон сууцны заадас засварын ажлыг бүтээн байгуулалтанд нэрлэнэ. Эрдэнэт хотын хэмжээнд 30 гаруй жилийн насжилттай орон сууцнуудын заадас засварын ажлыг хэсэгчилэн хийж байснаас бүхэлд нь засварласан тохиолдол байдаггүй. Сумаас хөрөнгө оруулалт хийж, бүтэн байраар нь засвар хийсэн гэдгээрээ энэ ажил онцлогтой, бас үр өгөөжтэй болсон. Үүний зэрэгцээ хуучин байрнуудынхаа сантехникийн асуудлыг шийдэж, 2012 онд эхэлсэн хүүхдийн тоглоомын талбайг төлөвлөсөн газрууддаа амжилттай хийсэн. Тодорхой шалтгааны улмаас 6 дугаар бичил хорооллын 5, 6 дугаар байрны гаднах тоглоомын талбайн ажил одоогоор хийгдээгүй байна.   

-Гэр хорооллын багуудыг гэрэлтүүлэх ажлыг анх санаачилсан хүний хувьд инженерийн нүдээр нэлээд алсыг харсан болов уу гэж бодогддог? Иргэд ч сэтгэл ханамжтай байна?

-Дэнж, Эрдэнэ, Баянцагаан, Шанд, Говил багт гэрэлтүүлгийн зардал шийдэгдэж, 4 компани ажлаа бүрэн гүйцэтгэсэн. Харин Говил багийн хувьд тендер шалгаруулалт оройтсоноос гүйцэтгэл дутуу байгаа. 2012 онд манай хороо гэр хорооллыг гэрэлтүүлэгтэй болгох ажлыг санаачилж, орчин үеийн хотын стандартад нийцсэн, автомат удирдлагатай гэрлээр хангая гэж зорьсон. Баян-Өндөр сумын Засаг дарга И.Баасанжав, аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх нар энэ санаачлагыг маань дэмжсэнээр хэрэгжүүлэх боломжтой болсон. Сумын иргэдийн хурлын 30 гаруй төлөөлөгчдийн 10 гаруй нь инженер мэргэжилтэй хүмүүс байдаг нь бидний санаачлагыг хүлээн авах, ойлгох, дэмжих талаасаа нэлээд түлхэц болсон.

2014 онд гэр хорооллын бүх багууд “Гэрэлтүүлэгтэй болоё” гэсэн санал оруулснаар аймаг, сумаас хөрөнгө оруулалт хийгдсэн. Энэ ажлын ач холбогдол нь гар утасны GSM систем, интернетийн сүлжээ ашиглан, нэг толгой компьютертэй ажиллаж, бүх гэрлийг нэг удирдлагатай болгосон явдал юм. Гэрэлтүүлгийн хулгайг хүртэл хянах боломжтой, сүүлийн үеийн технологи гэж ойлгож болно. Энгийнээр хэлбэл, гар утаснаасаа удирдах боломжтой тул гадаадад явахдаа ч Шандын гэрлийг тохируулах боломжтой гэдгээрээ давуу талтай.

Байгалийн гэрлээс хамааран тохиргоо хийж болдог. Мөн шөнийн 24 цагаас хойш 30 юмуу 60 хувийн гэрэлтүүлгийн тохиргоо хийж олох бөгөөд энэ нь удирдлагын системдээ хамааралтай. Лед гэрэл учир эрчим хүчний хэмнэлттэй. Иргэд энэ ажлыг талархан хүлээн авч, өөрсдөө бүрэн бүтэн байдалд нь хяналт тавьж байна. Орхигдсон цөөхөн гудамж болон орон сууцны хорооллын зам дагуух гэрлийг 2015 оны төсөвт суулгаж өгсөн. Энэ ажил хэрэгжсэнээр Эрдэнэт хот гэрлийн нэгдсэн системтэй болно.

-Олон нийтийн оролцоотой ажлын тухайд?

-Энэ онд олон нийтийн оролцоотой ажлыг туршилтын журмаар хэрэгжүүлсэн. Гэр хорооллын багийн иргэд ус ихээр тогтдог газрууддаа хайрга асгах, эхний эгнээнийхээ гудамжны өнгө үзэмжийг сайжруулах зэрэг ажлыг хийсэн байхад орон сууцны иргэд орцоо засч тохижуулах, тампарын гэрэл гэрэлтүүлэг, явган хүний зам засварын ажлыг хийсэн байх жишээтэй. Уртбулаг багт гэхэд орцны гэрэлтүүлэг, шитны засварын ажил хийгдсэн байдаг. Ирэх онд илүү олон санаачлага гарч, бодит амьдралд биелэлээ олно байх.

-Явган хүний зам хот тохижилтын нэгээхэн хэсэг болдог ч чанаргүй тавьсан нь нэг жилийн настай байдгийг бид харсан. Шинэчлэхэд мөн л шинэлэг санаа хэрэгтэй юм шиг?

-Цөөн газар хэсэгчилсэн байдлаар явган хүний зам засварын ажил хийгдсэн. Олон нийтийн оролцоотой энэ ажлыг ирэх жил нийтэд нь шинэчлэхээр болсон. Энэ ажлыг хийхэд бид шинэ технологи, замын чанарт илүү анхаарна.

Барууны орнуудад замын хашлагыг эхэлж хийгээд цутгах байдлаар явган зам тавьдаг юм байна. Дээр нь өнгөлгөөний жижиг чулуу цацах нь өнгөлөг, чанартай болдгийг харлаа. Энэ жишгээр Эрдэнэ, Их залуу багийг холбосон  1,8 км автозамын хоёр талыг хийсэн нь дажгүй болсон. Ирэх онд энэ маягаар хийх боломжтой гэж харж байна.

-Инженер хүний нүдээр харахад Эрдэнэт хотын хамгийн эмзэг асуудал юу байна вэ?

-Эрдэнэтийн хүн ам өсөхийн хэрээр цахилгаан эрчим хүчний асуудал хүндэрч байна. Манай улсын хувьд ч тэр эрчим хүчний ганц системтэй. Монополь болчихсон болохоор үнэ тарифаа нэмсэн үед ч өөр газраас авъя гээд сонголт хийх боломжгүй. Миний харж байгаагаар “Эрдэнэт” үйлдвэр ч тэр, иргэд ч тэр бүгд дарамтанд байна. Захын гэр хорооллууд эрчим хүчний алдагдал ихтэй байдаг нь нууц биш.

            Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сүүлийн үеийн систем нь сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхины хүчээр цахилгаан үйлдвэрлэх явдал болж байна. Газарзүйн байршлаараа Монгол улс дэлхийн дээвэрт оршдог. Гадны улсууд манайхыг “Сэргээгдэх эрчим хүчний диваажин” гэж нэрлэх нь бий. Гэтэл бид энэ их нөөцөө ашиглаж чаддаггүй. Миний хувьд энэ ажил руу нэлээд дорвитой орох бодолтой байна. 2015 оны ажлын үндсэн чиглэл хэлэлцэх үеэр “Сэргээгдэх эрчим хүч ашиглан цахилгааны асуудлаа шийдвэрлэсэн иргэд, аж ахуйн нэгжийг дэмжинэ” гэдгийг хурлаас баталсан. Бид эхний ээлжинд өөрийн орны цаг уур, нөхцөлд тохируулан турших хэрэгтэй байна. Ингэхийн тулд Орхон аймгийн нар, салхины судалагааг маш сайн хийсэн байх шаардлагатай. Эхлэлийг нь зөв тавьчихвал гэрэлтүүлгийн ажил шиг голдрилоо олно гэдэгт итгэлтэй байна.

-Байнгын хороо ахлахад зохион байгуулалтандаа анхаарахын зэрэгцээ судалгааны ажилдаа цаг зарцуулах хэрэг гардаг байх?

-Би өөрөө судлаач хүн. Өдөр тутмын ажилтайгаа уялдаатай судалгаа шинжилгээ хийдэг тул харьцангуй хялбар. Хуралд байр сууриа илэрхийлж байгаагийн хувьд үзэл бодлоо илэрхийлэхийг зорьдог. Мөн хорооныхоо үйл ажиллагааг ч сайн явуулахыг хичээдэг.

-Өнөөгийн хурлын талаарх бодлоосоо хуваалцахгүй юу?

-Өнөөгийн хурал үүргээ сайн гүйцэтгэж байгаа гэж хардаг. Хурлын үйл ажиллагаа тасалдаж байсан тохиолдол байхгүй. Ирц дутна гэсэн зүйлгүй, бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралддаг нь манай хурлын нэг сайн тал юм болов уу.  Хурлын бус үед байнгын хороодын үйл ажиллагаа идэвхтэй, сайн байх ёстой гэж боддог. Ирэх жилээс хороодын үйл ажиллагааг илүү сайн шахах хэрэгтэй. Байнгын хороо ажлаа төлөвлөдөг, түүнийхээ дагуу ажилладаг байвал үр дүн нь сайн гарна.

-Танай хороо байгаль орчны чиглэлээр ямар хяналт тавьсан бэ?

-Баян-Өндөр уулыг тойрсон ой хамгаалах 5 нөхөрлөл бий. Нэг нь л гэхэд 300 гаруй талбайг хашиж хамгаалсан гээд бодохоор хулгайн модны асуудлыг нэлээд цэгцэлсэн байгаа юм. Хуулийн дагуу байгалийн баялгаа ашиглаж, тодорхой хэсгийг хамгаалж байгаа эдгээр газартай 2007 онд буюу Засаг дарга Шархүүгийн үед гэрээ хийсэн байдаг. Нөхөрлөл байна гэдэг нь эзэнтэй байгаагийн илрэл. Бидний зүгээс эдгээр нөхөрлөлтэй гэрээгээ шинэчлэн хий гэсэн үүрэг даалгаврыг Засаг даргад өгсөн.

Сумын ИТХ энэ ажилд тодорхой санхүүжилт хийе гэдэгт санал нэгдсэн. Наанадаж тухайн нөхөрлөлийн ахлагч таних тэмдэг, форумтай байх ётсой гэж үзэж байна. Хөрөнгийн чадвар муутай, хувь хүмүүсийн “бор зүрхээр” явж байгаа эдгээр нөхөрлөлд аймгаас ч тодорхой дэмжлэг хэрэгтэй байна. Байгаль орчны чиглэлийг Бо.Ганболд төлөөлөгч хариуцдаг тул сард нэг удаа хуралдах үеэрээ энэ талын саналаа тусгаж, бусдадаа мэдээлэл хийдэг. 

-Байгаль орчны асуудалд хурцаар тавигддаг нэг зүйл нь Эрдэнэтийн цагаан шороо буюу тоосжилт байдаг. Энэ тоосыг дарах арга бий юу?

-Аймаг, сумын төлөөлөгчдийн 15 хүний оролцоотой баг энэ дагуу ажилласан. Маш үр дүнтэй болсон. Уулын үйлдвэр тоосжилтыг багасгахад тал бүрээр арга хэмжээ авдаг ч хараахан 100 хувийн үр дүн гарахгүй байна. Тус нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэд рүү чиглэсэн хөрөнгө оруулалт хийх нь зөв гэж үзсэн. Тиймээс эхний ээлжинд вокзал орчмын иргэдэд зориулан халуун усны газар барьж өгөх, спорт заалны асуудлыг нь шийдэж байгаа. Ажлын үр дүн тодорхой хэмжээнд гарч байна.

-Таны хувьд тойроггүй төлөөлөгч гэдэг утгаараа нийт иргэд рүү чиглэсэн ажилд санаачлага гаргадаг уу?

-Жагсаалтаар гарсан гэдэг утгаараа Баян-Өндөр сумын бүх багийн иргэдэд хамааралтай асуудлыг л шийдэхийг зорьдог. Ирэх онд бид “Жагсаалтаар гарсан төлөөлөгчдийн санаачилсан ажил” гэж гаргана. Энэ уриалгынхаа хүрээнд ахмадын чөлөөт цагийг өнгөрөөх байрны асуудлыг тусгасан. Баг бүрт нэг байх энэ ахмадын байрыг хүсэн хүлээсэн хүн олон бий. Төсөв хэлэлцэх үеэр энэ саналаа оруулах бодолтой байна. 

-Иргэдэд хандаж юу хэлэх вэ?

-Төр засгаас орон нутагт санхүүгийн эрх мэдлийг шилжүүлэх бодлого барьж байна. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт хийж эхэллээ. Захын нэг жижиг сум төсөвтэй болсон байна. Манай суманд өнгөрсөн онд 4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Эдгээр ажлыг иргэд дэмждэг байгаасай. Энэ хүмүүс хийж байгаа юм шүү гэсэн сэтгэлээр бус өөриймсөг байвал хот аяндаа хөгжинө, сайхан болно.

И.ТОГТОХ

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%