ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТСХОХорооны дарга Б.БАТСАЙХАН: БАЯН-ӨНДӨР СУМЫН САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ САЙН ГАРСАН

2015-01-28

Төсөв санхүү, хөрөнгө оруулалтын хороо

Б.БАТСАЙХАН: Баян-Өндөр сумын санхүүгийн үзүүлэлт сайн гарсан

Орхон аймгийн “НАР ТУССАН ЦАГ” сонинны төлөөлөгчийн цаг буланд Баян-Өндөр сумын төлөөлөгчийн өгсөн ярилцлагыг хүргэж байна. № 40 /83/

 

            Төсвийг ил тод, нээлттэй байлгах зорилгоор сүүлийн жилүүдэд “Тунгалаг төсөв”-ийн талаар ярих болсон. Төсөв хэр үр дүнтэй захиран зарцуулагдана, тэр хэрээр чанартай, үр өгөөжтэй бүтээн байгуулалт сүндэрлэж, хөрөнгө оруулалт хийгдэх учиртай.

Өнгөрсөн хугацаанд Баян-Өндөр сумын “Сум хөгжүүлэх сан”, “Орон нутгийн хөгжлийн сан” болон Засаг даргын нөөц сангийн хөрөнгө хэр өгөөжтэй зарцуулагдсан, тэдгээрт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал ямар хяналт тавьдаг талаар мэдээлэл хүргэхийг зорьлоо. Энэ дугаартаа Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч, Төсөв санхүү, хөрөнгө оруулалтын хорооны дарга Б.Батсайханыг урьж ярилцсан юм.

-Юуны өмнө Төсөв санхүү, хөрөнгө оруулалтын хорооны талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

           -Манай хороо 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Төсвийн тухай шинэ хууль гарсантай холбогдуулан сонгуулийн жилээс эхлэн Баян-Өндөр сум “Орон нутгийн хөгжлийн сан”-гаар дамжуулан тодорхой төсөв захиран зарцуулдаг болсон.  2014 оны хувьд тус сангаар дамжуулан 4,5 тэрбум төгрөг хуваарилсан байна. Ер нь сумын хэмжээнд эдийн засгийн холбогдолтой бүхий л асуудлыг манай хороо хариуцдаг гэж ойлгож болно.           

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Би 1994 онд Эдийн засгийн коллеж, 1996 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн. Санхүүч мэргэжилтэй. Мэргэжлээрээ 2-3 жил ажиллаад улс төрийн ажилд идэвхтэй оролцох болсон. Улмаар Иргэний зориг намыг хэсэг нөхдийн хамт байгуулж, удирдлагад нь 10 гаруй жил ажилласан.

Мөн “Эрдэнэтийн дуу хоолой” ТББ-ын тэргүүнээр ажилладаг. Манай ТББ-ын хувьд нийгэмд чиглэсэн, амьдрах чадварт сургасан сургалтууд зохион байгуулж байгаа. Ирэх хавраас бид төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн сонгуулиар Иргэдийн хуралд ажиллаж үзэл бодлоо илэрхийлэх, иргэдийн дуу хоолой болох үүрэг хүлээгээд байна. Өнөөгийн хуралд бүлэггүй гишүүний тоонд ордог.

-Тойроггүй төлөөлөгчдийн хувьд намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаас анхаарч ажилладаг. Таны хувьд?

-Мини йхувьд нийт иргэдийн хүсэл сонирхол юу байна, тэд юу хүлээж байна гэдэгт анхаарч ажилладаг. Би Хүрэнбулаг багийн оршин суугчийн хувьд энэ багийн асуудал ч миний тулгамдсан асуудал болж байна.

Булаг багт тодорхой хугацаанд Засаг даргаар ажиллаж байсны хувьд багийнхаа иргэд рүү хандсан ажилд арай илүү сэтгэлтэй ханддаг. Мөн Малчин багт хийгдэх ажлуудыг ихээхэн дэмждэг байсан. Харамсалтай нь Малчин багийг Жаргалант суманд нэгтгэчихсэн. Ямар ч ажил санаачилж, хэрэгжүүлсэн бай Баян-Өндөр сумыг хот гэж ойлгох нь зөв юм шиг санагддаг. Гэхдээ олонх цөөнх гэхээсээ илүү хэн ямар ажил санаачлав, үр дүн нь сайн байж чадах уу гэдэгт хамтарч ажиллах нь зөв байх.

-Гишүүдийн оролцооноос тухайн хорооны үйл ажиллагаа харагдах байх. Танай хорооны гишүүд ямар оролцоотой явдаг вэ?

-2012 онд байгуулагдсан энэ удаагийн хурал их боломжийн хэмжээнд ажиллаж байгаа санагддаг. Нэг талаар харьцангуй залуужсан тул туршлага дутах үе бий. Хорооны гишүүдийн хувьд судалгааны ажил ихтэй. Тал бүрээс авчирсан судалгааны дүнгээ нэгтгэн, зөв гэсэн шийдлээ хуралд танилцуулах журмаар явж байна. Хэдийгэээр бид цаг үеийн асуудалтай холбогдуулан хуралддаг ч улиралд 3-4 удаа хуралдсан нь олон бий.

-Сумын хуралд танилцуулсан багц ажлуудаасаа нэрлэвэл?

-Бид жил бүр төлөвлөгөө гарган ажиллаж ирсэн. Өнгөрсөн онд 2 чиглэлээр 10 ажил хийж гүйцэтгэсэн. Төсвийн тухай хуулийн 23.8-д “Сум тодорхой орлого олдог байх ёстой” гэж заасан байдаг. Гэтэл манай сум онцлогоосоо хамаарч төсөв бүрдүүлэх боломжгүй, аймгаасаа санхүүжсээр ирсэн.

Жаргалант сум тусдаа төсөвтэй. Баян-Өндөр сумыг 100 гаруй мянган хүн амтай гэж бодохоор “ХАОАТ-аа сум авна” гэвэл аймаг дургүйцэх нь ойлгомжтой. Энд маш их мөнгөний тухай яригдах болно. Бид Төсвийн тухай хуулийн 23.8 гэсэн заалтыг хэрэгжүүлж чаддаггүй нь дээрх шалтгаантай холбоотой. 

-“Сум хөгжүүлэх сан”-ийн захиран зарцуулалт хэрхэн явдаг вэ?

-Багууд тухайн онд хийх ажлаа санал асуулгаар эрэмбэлж, “Сум хөгжүүлэх сан”-гаас дэмжлэг авах хэлбэрээр явж байна. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэт хотын бүтээн байгуулатанд тус сангаар дамжуулан 8 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

Орон сууцны дээвэр, заадас засвар, хашаа хороо будах зэрэг олон нийтийн оролцоотой ажлууд их хийгддэг болсныг иргэд ч мэдэж байгаа байх. Энэ нь оршин суугчдын ая тухтай байдалд эерэгээр нөлөөлж байгааг бид харж, илүү сайхан орчин бүрдүүлэхийн төлөө хичээж байна.

-Баян-Өндөр сумын төсвийн бүрдүүлэлт 2014 онд хэр байсан бэ?

-Аль ч байгууллагын үйл ажиллагаа төсөв хөрөнгөнд суурилдаг шүү дээ. Энэ жилийн хувьд Баян-Өндөр сумын санхүүгийн үзүүлэлт сайн гарсан. Олон улсын стандартууд бүгд мөрдөгдөж, санхүүгийн сахилга бат алдсан, алдаа гаргасан зүйл огт гараагүй. Энэ нь бидний хяналт тавьж, хэрэгжүүлж байгаа ажлын илрэл гэж болно.

-Хөрөнгө оруулалтын ажлуудын талаар?

             -Төсвийн эрх мэдэл орон нутагт шилжсэнээр суманд тодорхой төсөв хуваариалгдан, чамгүй ажил хийсэн. Гэвч зарим нэг ажил хөрөнгө санхүүжилтээс хамааран улсын төсөвт эргэн татагдах байдал гарлаа. Хэтэрхий хяналтгүй байдал гарснаар энэ мөнгийг буцааж татаж байгаа нь эргээд орон нутагт сөргөөр нөлөөлж байна уу гэж харж байна.

             Хөрөнгө оруулалтын ажил их хийгдсэн ч тухайн байгууламжийг эргээд хариуцах эзэн байхгүй байгаа нь учир дутагдалтай байна. Энэ жилийн хувьд 3 байрны гаднах тоглоомын талбай, “Эко” хороолол руу зам татах асуудал санхүүжилт шийдэгдэхгүй, царцах хандлагатай байгаа нь сэтгэл түгшээж байна.

-Хотынхоо хөгжилд ямар санаа нэмэрлэх вэ?

-Иргэн бүр сэтгэлтэй байгаасай. Ялангуяа ажлаа зөв төлөвлөдөг баймаар байна. Зун нь сайхан зам тавьчихдаг, намар шугам хоолой засварлана гээд нөгөө замаа сэтлээд эвдчихнэ. Ийм байдал олон давтагдсан. Бүтээн байгуулалтын ажлын сайхан нь олон байгууламж сүндэрлэн босдог ч нөгөө талд нь сүйтгээд байвал үр дүн гарахгүй. Тиймээс иргэд хотод амьдарч байгаа гэдгээ ухамсарлаасай.                                                                                                                                                                                                                                                              И.ТОГТОХ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5570
4116 / 74%
912 / 16%
263 / 5%
279 / 5%