ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТЭРГҮҮЛЭГЧ Д.ГАНБОЛД: БИ ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХЭЭС АЙДАГГҮЙ

2015-01-28

Орхон аймгийн “НАР ТУССАН ЦАГ” сонинны төлөөлөгчийн цаг буланд Баян-Өндөр сумын төлөөлөгчийн өгсөн ярилцлагыг хүргэж байна. № 40 /83/

Төлөөлөгчийн цаг

Д.ГАНБОЛД: Би үзэл бодлоо илэрхийлэхээс айдаггүй

            Иргэдийг төртэй холбох гүүр болсон сэтгүүлчийн мэргэжил чухамдаа үнэний дуу хоолой. Болж бүтэхгүйг шүүмжилж, сайныг магтан сайшаадаг эдгээр сэтгүүлчдийн дундаас сумын Иргэдийн хуралд сууж байгаа залуу төлөөлөгчийн үзэл бодлыг хүргэхэд таатай байна.

            Баян-Өндөр сумын ИТХ-ын тэргүүлэгч Даваасүрэнгийн Ганболд гэх залууг “Номин”-ийн Д.Ганболд гэхээр уншигч та эрх биш танина. Телевизийн эфирт орон зайгаа үлдээж, төлөөлөгчийн ажлаа хариуцлагатай хийхээр сэтгэл шулуудсан тэрээр Иргэдийн хурлын дуугүй суудаггүй төлөөлөгчдийн нэг. Залуу хүний дуу хоолой шийдвэр гаргах түвшинд хэрхэн нөлөөлдгийг, өнөөгийн нийгэмд, төрд залуучуудын үүрэг оролцоо хэр чухал болохыг түүний ярилцлагаас уншаарай.

-Сэтгүүлч хүн иргэдийн төлөөлөл болж ажиллахад ялгаатай тал нь юу байна вэ? Иргэдийн дуу хоолойг төрд уламжлахад бэрхшээл тулгарч байна уу?

-Би телевизэд ажиллаж байсны хувьд аливаа зүйлийг их өөлж, гоочилж хардаг муу зантай болсноо мэдсэн. Иргэд намайг төлөөлөгч гэж харахаас илүүтэй сэтгүүлч гэдэг өнцгөөс харж, болохгүй, бүтэхгүй байгаа зүйлээ “Хурал дээр хэлээд өгөөч, бүр болохгүй бол телевизээр гаргамаар байна” зэргээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь олонтаа. Энэ нь нэг талаар сайн хэрэг.

Нөгөөтэйгүүр хүмүүст нээлттэй байх шаардлага гарч ирсэн. Хурлын тэргүүлэгч болсноосоо хойш өөрийн шүүмжилж байгаа асуудлын гаргалгааг хэлж өгөх талаас ханддаг болсон. Энэ нь бас нэг давуу тал юм болов уу. Ямар ч ажлыг шүүмжилчихээд “Ингээд боллоо” гээд суучихвал хэнд ч наалдацгүй хэрэг болно. Тэгэхээр “Энэ асуудлыг ядаж нөгөө талаас нь харж болохгүй юу” гэсэн хэд хэдэн санаа дэвшүүлэхэд төлөөлөгчид ч арай өөрөөр хүлээж авдаг.

-Нийгмийн бодлогын хөгжлийн хороонд хамаардаг гишүүний хувьд ямар оролцоотой ажилладаг вэ? Өөрийн судалж, боловсруулсан ажлынхаа талаар мэдээлэл өгнө үү?

-Манай хороонд сургууль, цэцэрлэг, соёл урлаг, биеийн тамир, спорт гээд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийгмийн бүхий л салбар хамааралтай. Гэвч 100 мянган хүн амтай энэ том суманд 5 гишүүнтэй бодлогын хороо ажиллана гэдэг учир дутагдалтай санагддаг. Өнгөрсөн хугацаанд манай хорооны гишүүд гэр хорооллын багууд, сургууль, цэцэрлэгээр явж гадна тохижилттой танилцах, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдсан асуудлыг судлах, түүнийг шийдвэрлэх боломж юу байна гэдэг гарцыг эрэлхийлсэн.

Алслагдсан багуудад тулгамдсан асуудал их бий. Саяхан “Орон нутгийн хөгжлийн сан”-аас 16 сая төгрөг төсөвлөн, Их залуу багийн өрхийн эмнэлэгт харэгцээтэй багаж төхөөрөмжийг нь авч өгсөн. Энэ бидний ажлын үр дүн. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг дээ. Энэ мэт асуудлыг бага багаар шийдэхгүй бол нэг дор бүгдийг амжуулна гэж байхгүй. Магадгүй “Ганболд төлөөлөгчид ийм материал өгсөн” гээд хариу хүлээж суугаа бол зөвөөр ойлгоорой. Бид тухайн асуудлыг шийдвэрлэх эсэх хариуг хугацаатай хэлдэг тул хүлээлт үүсгэхийг хүсэхгүй байна.

 

-“Наран” цогцолбор сургуулийн гадна орчныг жишиг болгохоор ярьж байсан. Энэ нь залуу төлөөлөгчдийн шинэ санаачлага уу?

-“Наран” цогцолбор сургуулийн гадна орчныг тохижуулах санхүүжилтийг 2015 оны “Орон нутгийн хөгжлийн сан”-д тусгаж оруулахаар санаачлага гаргаж, түүнийгээ хүмүүст эерэгээр ойлгуулах гээд явж байна. Яагаад гэр хорооллын хүүхдүүд шороон дээр тоглох ёстой гэж. Улаанбаатарын бүх сургууль гадна тохижилтоо анхаарч, хүүхдийн сурч боловсрох орчныг бүрдүүлсэн байна.

Өнөөдөр сумын залуу төлөөлөгчид нэгдэн “Сургуулийн орчин ийм л байх ёстой” гэдэг төсөл хэрэгжүүлж байна. Хүүхдүүдээс гадна эцэг эх, багш нар баярлана гэдэгт итгэлтэй байна. Эцсийн дүнд “Би хийлгэсэн” гэхээсээ илүү үр бүтээлтэй ажил байх нь чухал.

Орон сууцны гадна 100 хүүхдэд зориулж 50-60 сая төгрөгөөр тоглоомын талбай барьж байхад гэр хорооллын 1500 хүүхдэд зориулсан орчныг бүрдүүлчихвэл бүр ч сайн хэрэг болно гэж бодож байна. Зөв санаачлага эзэдээ хүрсэн цагт бид ажлаа хийсэн гэж дүгнэнэ.

-Залуучуудын дуу хоолой сумын иргэдийн хуралд хэр тусч байна вэ? Хурлын байгууллагад анх орж ирсэн үеэ өнөөдөртэй харьцуулбал?

-Хуралд ажиллаж байгаа залуучууд эхний 2 жилд хангалтгүй ажилласан. Залуу хүний хувьд сурч боловсрох хугацаа хэрэгтэй байсан гэх үү дээ. Телевиз, хурлын байгууллага гэдэг ойлголт өдөр, шөнө шиг ялгаатай юм байна. Төлөөлөгч хүн олон цагаар сууж, тэвчээртэй сонсох хэрэг гардаг бол тэргүүлэгчид маш олон шагнал урамшуулалтай харьцдаг, цаг үеийн байдалтай холбоотой бүхий л асуудлыг засч залруулах, буруу зөрүү зүйлийг хурлын хуралдаанд орохоос өмнө шалгадаг гээд ажил ихтэй.

            “Чи миний өмнөөс үг хэлээрэй” гэж иргэд сонгосон болохоор би өөрийн үзэл бодлыг илэрхийлэхээс айдаггүй. Хурлын ажлыг сайжруулах гэж маргадаг ч ард нь “уучлаарай” гээд инээгээд өнгөрөх үе олон. Гэхдээ хурлын залуучууд огт дуугардаггүй байсан гэвэл өрөөсгөл юм. Дуугарч байсан ч санаандаа хүртэл хэлж чаддаггүй байсан гэвэл үнэнд ойртох болов уу. 2014 онд залуу төлөөлөгчид жинтэй дуугарч, хурлын ажилд идэвхтэй оролцдог болсон. Тэд нэгдэж, шинэ санаачлага гаргаж, тухайн ажлаа орон нутгаар дэмжүүлээд явах эхлэл тавигдсан. Ирэх онд илүү бүтээлтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна.

            Миний харж байгаагаар нийгэм “Энэ залуу сэнхэгтэй, намынх” гэж хүлээж авдаг болсон нь залуучуудыг өөртөө итгэлгүй болох, юмнаас хойш суух хандлагыг төрүүлээд байх шиг. Тэр ч утгаараа нам руу хандах хандлага нь багассан. “Хойш суух хэрэггүй, аль нам нь хамаагүй, зоригтой ороод ир” гэж уриалмаар байна. Ингэснээр санаа бодлоо тусгаж, залуучууд руу чиглэсэн бодлого явуулах боломжтойг харсан. Утсан хүүхэлдэй шиг яваад байвал бидний төлөө гэсэн ямар ч бодлого чиглэл байхгүй, зорьсон ажил хийгдэхгүй юм байна. Би 2016 оны сонгуулиар 100-ны 70 хувь нь залуучууд сонгогдож, иргэдийн төлөөлөл болоосой гэж хүсдэг.  

-Аймаг, сумын хурлыг том, жижиг мэтээр ялгаварласан байдал гаргах хүмүүс бий. Ер нь хурлын байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх ёстой юм шиг?

-Хурал маш эвтэй, олонх цөөнхөө хүндэтгэсэн зарчмаар явж байгаа. Хүнд таалагдах гэж “том” юм ярьдаг, “Би шүү” гэсэн хүн сумын хуралд ховор. Харин аймгийн ИТХ-д “Хүмүүст л таалагдаж байвал боллоо” гэж үздэг төлөөлөгчид мэр сэр харагддаг. 

            Манай аймгийн хувьд онцлогтой. Сумыг голонгуй байдлаар ханддаг байсан бол сэтгэхүй нь өөрчлөгдөж эхэлж байна. Шанд багт гэрэлтүүлэг тавих санаачлага сумын хурлаас анх гарсан. Сайшаалтай ажил болсон гээд аймаг үргэлжлүүлж, дороосоо санаачлага гардаг гэдгийг ч бид бодитоор харуулсан. Магадгүй бид даруухан байгаа байх.

-Баянбулаг багийн иргэдийг төлөөлж суугаа таны хувьд хувь, хувьсгалын ажлаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Төлөөлөгчийн ажлыг завтай, давхар эрхэлсэн ажилгүй хүн хийвэл илүү дээр санагдсан. Ямартаа ч Баянбулаг багаас аймагт сонгогдсон Улаанхүү төлөөлөгчтэйгээ хамтран ажиллаж, шийдвэрлэх шаардлагатай ажлуудаа чадах хэрээрээ хувааж авдаг. Ингэж ажиллах сонирхол төлөөлөгч нарт бага байдаг байх. Бид 2-ын хувьд харьцангуй завтай. Миний хувьд телевизийн ажлыг хурлын ажилтай давхардуулах боломжгүй гэж үзсэн тул өөрийгөө чөлөөлсөн гэх үү дээ. Би цалинтай ч, цалингүй ч амьдрах учраас 4 жил иргэдийн итгэлийг дааж ажиллахаар шийдсэн. Эцэст нь ажлаа тайлагнахад “Энэ муу юу хийсэн юм” гэж хэлүүлмэргүй байна.

-Тойрогтоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн талаар?

-Хамгийн том ажил маань автозамын асуудал байсан. Одоогоор гүйцэтгэл 70 хувьтай байна, ирэх хавар дуусна. Мөн гэрэлтүүлгээ шийдвэрлэсэн. 2015 онд бид олон нийтийн оролцоотой болон “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр хийгдэх ажлуудаа төлөвлөж байна. Их хөрөнгө шаардсан ажил байхгүй. Ногоон байгууламж, гудамж төсөл, хүүхдийн тоглоомын талбай, Wi-Fi орчин бүрдүүлэх зэрэг ажлууд багтсан.

-Таны харж байгаагаар өнөөгийн залуучууд юу хүсч мөрөөдөж байна вэ?

-Саяхан Бээжингийн “Юнеско”-оос зохион байгуулсан “Хариуцлагатай залуу манлайлагч” сургалтанд суусан. Соёлын довтолгоо хотоос эхлэнэ гэж ярьдаг даа. Миний харснаар хотын залуучууд хөгжсөн байна. Энэ довтолгоо хөдөө орон нутаг руу явж байгаа. Бид бусад аймгийн залуучуудаас бага ч болов ялгарч чадсан. Гэхдээ нэг зүйл нь манай аймагт залуучууд руу чиглэсэн бодлого алга.

Тунхаг чанартай, уриа лоозон хэлбэрээр явж байгаа энэ байдлыг чирж явах хүн хэрэгтэй байна. Тэр нь залуучууд байх учиртай. Архидалтыг багасгахад юу хийв, залуу гэр бүлийг дэмжсэн орон сууцны бодлого хаана байна гээд асуухад хариулт гарч ирсэнгүй. Тэгэхээр тал бүр дээр залуучууд бодлоготой болж, өөрсдийн дуу хоолойг хүргэдэг байх хэрэгтэй.Аймгийн Засаг даргын дэргэд залуучуудын бодлого зангидсан баг бүрдэж ажиллах ч гаргалгаа байж болно.

И.ТОГТОХ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%