ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТЭРГҮҮЛЭГЧ М.ЧУЛУУНЗАГД: ЗАЛУУЧУУД ШИНЭ САНААЧЛАГА ГАРГАЖ БАЙГАА НЬ САЙШААЛТАЙ

2015-01-28

Орхон аймгийн “НАР ТУССАН ЦАГ” сонинны төлөөлөгчийн цаг буланд Баян-Өндөр сумын төлөөлөгчийн өгсөн ярилцлагыг хүргэж байна. №38 /81/

Төлөөлөгчийн цаг

М.ЧУЛУУНЗАГД:  Залуучууд шинэ санаачлага гаргаж байгаа нь сайшаалтай

            Уул уурхай дагасан Эрдэнэт хот үйлдвэрийн бүс нутаг болж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэх боломж, гарцыг эрэлхийлж байна. Чухамдаа хотын алсын хараа, хэтийн хөгжилд өнөөгийн аймаг, сумын хуралд шийдвэрлэж буй асуудлууд чухал бөгөөд хурлын төлөөлөгч нарын байр суурь, тэдний дуу хоолой үнэ цэнэтэй. Иргэн таны төлөөлөл болсон хурлын төлөөлөгч хаана, юу хийж явна вэ? Энэ асуултын хариуг бид өгөхөөр “Төлөөлөгчийн цаг” буланг тогтмол бэлтгэн, уншигч, сонгогч танд хүргэж байгаа билээ.

Албан бус тоогоор 120 гаруй мянган хүн амтай Орхон аймгийн хувьд үйлдвэржилтийн бүс нутаг болчихвол хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа зэрэгцүүлэн хөгжүүлэх шаардлага тулгарна. Ингэхдээ хөдөөгийн ганц сум гэгдэх Жаргалантыг түшиглэх нь гарцаагүй. Тиймээс ч нутаг сэлгэн нүүж, манай аймгийн харьяат хэрнээ хүний нутагт, бусдын “гар харж” суусан Малчин багийнхаа иргэдийг Жаргалант сумын харьяанд шилжүүлсэн нь учиртай биз.

Бид энэ удаад Малчин багийн иргэдийн дуу хоолойг Баян-Өндөр сумын ИТХ-д уламжилж суусан Тэргүүлэгч М.Чулуунзагдыг урьж ярилцлаа. Малчин багийн Засаг даргаар ажиллаж байсан тэрээр тойргийнхоо иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чамгүй хөдөлмөр зарцуулжээ. Нэгэнт тойрог нь өөр сумын мэдэлд шилжсэн тул сул төлөөлөгчийн байр сууринаас хурлын үйл ажиллагаанд оролцохоос аргагүй болсон гэдгээ тэрээр нуусангүй. Түүний ярилцлагыг хүргэе.

-Энэ удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд тэргүүлэгчээр ажиллаж байгаа таны хувьд ямар ажлууд хийж хэрэгжүүлэв? Сумын хуралд хэрхэн санаачилга гаргаж байна вэ?

-2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд сумын ИТХ-д МАН цөөнх болсон. Тухайн үед сумын хурлын тэргүүлэгчдэд эдийн засагч, санхүүгийн мэдлэгтэй хүмүүс орсон байсан. Намын бүлэг намайг малчдын дуу хоолойг төрд уламжлах онцлог багаас гарсан гэж үзэж тэргүүлэгчээр ажиллахыг дэмжсэн.

Би малын эмч мэргэжилтэй. Тиймдээ ч хөдөө аж ахуйн чиглэлэээр Баян-Өндөр сумын хэмжээнд хийгдэж болох бүхий л ажилд санаачилга гарган, хуралд оруулсан.

-Баян-Өндөр суманд хөдөө аж ахуйн чиглэлээр ямар ажлууд хийгдсэн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Орон нутгийн хөгжлийн сан”-гийн нэг онцлог нь иргэдээс гарсан саналыг эрэмбэлж, тэр хүрээнд ажлаа явуулдаг болсон. 2013 оны ИТХ-д малчдын явдаг автозамыг засварлах санал оруулсан боловч Булган аймгийн сумдын нутагт хамааралтай гээд дэмжигдээгүй. Мөн тус онд Говил багийн эхэнд Тогтвортой амьжиргаа төслөөс санхүүжүүлэн нөөцийн өвс бэлтгэн хадгалах агуулах барьсан юм. Агуулахын хажууд 20 сая төгрөгөөр сургалт туршилтын талбай, 15 сая төгрөгөөр худаг гаргаж өгсөн нь малчдаа дэмжсэн том ажил болсон.

            2014 онд малчдаасаа хийх ажлын санал авахад зам засварлах, сүү цагаан идээний төвлөрсөн зах байгуулахыг хүссэн. Гэвч сумын хурал энэ саналыг хүлээж аваагүй. Харин сургалт туршилтын талбайд 50 орчим сая төгрөг баталж, өвс хадлан бэлтгэх бага оврын трактор, өвс хэрээслэгч машин, хүлэмж, 500 гаруй чацарганы бут, овъёос, улаан буудай зэрэг бусад төрлийн ногооны үр бордоо худалдан авч тариалсан. Ингэхдээ аймгийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэдийг ажлын байраар хангаж, ХАА-н МСҮТ-ийн суралцагч хүүхдүүдийг ажиллуусан. Мөн худгаа цахилгаанд холбосон.

            Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 6 мал эмнэлгийн 4-тэй нь хамтран үхрийн леокоз шинжилгээ хийхэд 10 сая төгрөг зарцуулсан байх жишээтэй. Энэ ажлынхаа хүрээнд 16 мянга гаруй үхэрт шижилгээ хийх байсан ч гүйцэтгэгч компани 1000 гаруй малд шинжилгээ хийгээгүй, гэрээний үүргээ зөрчсөн тохиолдол илэрсэн.

            Ер нь 2014 онд “Орон нутгийн хөгжлийн сан”-гаас хөдөө аж ахуйн чиглэлээр хийгдсэн ажлууд сайн болсон.

-Малчид, мал бүхий иргэдэд зориулан жил бүр нөөцийн өвс гэж бэлтгэдэг. Энэ ажлын үр дүн нь хэрхэн гардаг вэ?

-Тухайн жилд 10 сая төгрөгөөр өвс нөөцөлнө гэвэл тэр хэмжээнд өвсөө бэлтгэдэг. Байгалийн гамшиг гэдэг хэлж ирдэггүй болохоор зуд болж хүйтрээд ирэхээр малчдынхаа хэрэгцээнд өвсөө нийлүүлэхээс аргагүй. Мал төрийн хамгаалалтанд байна гэсэн зарчмаар явж байгаа тул өвс худалдан авч байгаа малчдад ашигтай тусна.

Нийт 80 гаруй сая төгрөг зарцуулсан сургалт, туршилтын талбай болон дээрх агуулахыг менежментийн хувьчлалаар өгвөл яасан юм бэ гэсэн саналыг би хурал оруулсан. Ингэвэл тухайн хүн өвс, тэжээл, хужир гээд малд шаардлагатай бүхнээ бэлтгэдэг, малчид тэдгээрийг нэг дороос авах боломж бүрдэнэ. Нөгөөтэйгүүр Булган аймгийн зэргэлдээх сумдыг хангасан тойргийн тэжээлийн агуулах болговол үр дүн нь бидэнд хэрэгтэй. Наанадаж хаяанаасаа хямд зардлаар тэжээл татах боломжтой гэсэн үг л дээ.

Их зудны үеэр 2000 боодол өвс юу ч болдоггүй юм билээ. Энэ жилийн хувьд өвснөөс гадна багсармал, хивэг нөөцөлсөн нь сайн хэрэг болсон. Цаашлаад хужир нөөцөлдөг бол малчдад их хэрэгтэй байна. Хужир нь малыг даарахад дах, таргалахад ташуур болдог гэдэг. Увс аймгийн Тариалан сумаас манайд шилжиж ирсэн Хотонгууд малдаа 50-100 шуудай хужир нөөцөлсөн байхад манай малчид 2-3 шуудай давс байгаа гээд сууж байдаг. Гэтэл үр дүнд нь манай малчдын мал хорогдоод, ирсэн малчдын мал тарга хүчээ хадгалсаар байдаг. Иймээс нэгдсэн тэжээлийн агуулахтай, түүгээр боломжийн үнэтэй бүх төрлийн тэжээлийг малчдад хүргэдэг байх нь чухал байгаа юм.

-2014 онд туссан нэг тохоохон ажил нь нохой, муурыг хөнгөвчлөх, үржлийг зогсоох төсөл байсан. Энэ ажлын биелэлт ямар хувьтай байна вэ?

-Өмнөх засгийн үед ч яригддаг байсан нэг сэдэв бол яах аргагүй хотын золбин нохой, муурны асуудал. Хот тохижуулах газар тодорхой хязгаарлалт хийж байсан ч өнөөдөр нохой, муур гэдэг гамшгийн хэмжээнд хүрснийг бид харлаа. Баян-Өндөр сумын Мал эмнэлэг, үржлийн тасгаас дээрх төслийн санааг гаргаж, хуралд танилцуулж байсан. Энэ хүрээнд 173 сая төгрөг хурлаас батлагдсан. Үүний 10 сая төгрөгөөр зориулалтын автомашин, 10 сая төгрөгөөр эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж худалдан авсан.

Үлдсэнийг мэс ажилбар хийхэд шаардагдах болон унтуулах эм тариа авах, эзэнтэй нохойг пайзжуулах, ажилласан хүний хөлс, золбин нохой, муур устгах ажилд зарцуулахаар 153 сая төгрөгийн тендер зарласан. Үүнд манай мал эмнэлгүүд, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль өрсөлдөж, өнгөрсөн зунжин шүүхдэлцсээр 9 дүгээр сард ХААИС-ийг ялсан гэсэн шийдвэр гарсан юм. Ингээд 10 дугаар сараас төслийн ажил эхэлсэн. Аймгаас энэ ажилд Баянцагаан багийн хуучин байранд өрөө гарган өгч, мэс ажилбар хийх орчныг бүрдүүлж өгснөөр ахицтай үр дүн гарч байна.

-Төслийн үр дүн хэзээ гарах вэ?

-Надад энэ ажилд хамтран оролцох санал тавьснаар төслийн багт ажиллаж байна. Одоогоор 600 гаруй нохой устгаж, 300 гаруй нохойнд гэрчилгээ олгож, 30 гаруй нохойнд мэс ажилбар хийсэн. Энэ ажлын үр дүнг 6 дугаар сарын 1-нд тайлагнана. Тиймээс бид өвлийн улиралд нохой устгалыг эрчимтэй явуулж, 12 дугаар сар дуусахад ажлынхаа 30-40 хувийг хийх төлөвлөгөөтэй байгаа.

            Зул сараар нохой цуглаж, зуны эхэн сард гөлөглөдөг гэсэн үг бий. Ингэж бодвол одоо устгал хийх нь хамгийн үр дүнтэй байх болно. Бид хавар дулаан орсон үед айлуудын хүсэлтээр эм нохойнд мэс ажилбар хийх бодолтой байна. “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглалтын бүсэд 200 орчим нохой байна, устгаж өгөөч гэсэн хүсэлт ирсний дагуу ойрын үед ажиллахаар төлөвлөсөн. 

-Энэ ажилд иргэдийн оролцоо ч чухал байх?

-Айлын хаалга тогшиж, ийм ажил байна гээд бид ажлаа танилцуулдаг. Хариуд нь иргэд “Цаана чинь нэг нохой байгаа, өөрсдөө очиж барьж ав” гэсэн байр суурьнаас хандаж байгаа нь хаа хаанаа үл ойлголцол төрүүлээд байна. Иргэд энэ том ажлыг дэмжиж, ойлгодог бол цаг хугацаанд ч хэмнэлттэй байх болов уу.

            Өөр нэг асуудал нь муур барихад хүндэрлтэй байна. Орон сууцны хороолол дунд нэг байрны хонгил руу гүйж орсон муур гарч ирэхгүй, орох үүд хаалга нь нээлттэй болохоор гүйцэгдэхгүй тал бий. Сууц өмчлөгчдийн холбоонд хүсэлт тавьсан тэд нүхээ бөглөхгүй л байна. Ямартаа ч хугацаа урт тул амжиж дуусгана гэсэн бодолтой байгаа. Залуучуудын хүчийг дайчилсан энэ ажлынхаа хүрээнд өдөрт дээд тал нь 100 гаруй нохой устгаж байна. Гэтэл багуудаас өдөр бүр хүсэлт ирж байх жишээтэй.

-Таны хувьд Малчин багийн тойргоос сонгогдсон төлөөлөгч. Тойргийг тань Жаргалант суманд нэгтгэхэд ямар байрьнаас хандсан бэ?

-Манай Малчин багийн иргэдийн 90 орчим хувь нь Булган аймгийн сумдад нутагладаг байсан. Сүүлийн жилүүдэд хөөж туух, газар нутгийн маргаан гарах болсон тул “Манай малчдаас малын хөлийн татвар, байгалийн дагалдах баялаг ашигласны төлбөр зэргээ ав. Харин малчдыг маань байлгаач” гэсэн хүсэлт тавьж, асуудлыг шийдэж ирсэн.

Манай аймаг төвөө үйлдвэрийн бүс болгож, Жаргалантыг хөдөө аж ахуйн чиглэлээр хөгжүүлэх бодлого барьж байгаа тул малчдыг хөдөөгийн сумандаа харьяалуулах нь зөв гэсэн шийдэл гаргасан юм билээ. Малчдаас санал авахад “Бид жилийн 4 улиралд Эрдэнэт хот руугаа ордог тул Баян-Өндөр сумын харьяанд байя. Үгүй бол өөрсдийн амьдарч байгаа сумд руу шилжье” гэсэн хариу өгсөн. Ингээд дийлэнх нь тухайн сумынхаа харьяанд шилжсэн. Манай намын бүлэг энэ асуудалд эсрэг байр сууринаас хандсан ч аймгийн ИТХ-аас шийдвэр нэгэнт гарсан.

Миний хувьд “Тойроггүй сул төлөөлөгч” гэж байдгийн адилаар сумын хуралд сул төлөөлөгчөөр ажиллаж, хөдөө аж ахуйн чиглэлээр хийгдэж байгаа ажлуудад өөрийн байр суурийг илэрхийлж байна. Өмнө нь тус тойрогт хамааралтай байсан тул малчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, худаг ус гаргах зэрэгт нэлээдгүй ажил хийсэн. Нэгэнт хийсэн ажлаа малчиддаа хэрхэн үр өгөөжтэй байлгах вэ гэдэгт л анхаарах хэрэгтэй болж байна. 

-Сөрөг үр дагавар нь юу байна вэ?

-Малчид сүүгээ зарах далимаараа бичиг баримтаа цэгцлээд буцдаг байсан бол одоо сүүний мөнгөөрөө Жаргалант сум орж ирэх хэрэгтэй болж байна. Эдийн засгийн болоод цаг хугацааны хувьд чирэгдэл үүссэн гэж хэлж болно.  

-Эрдэнэтийг хотын статустай болоход малчдын оролцоо байсан гэж үзэх хүмүүс бий. Таны хувьд?

-Манай малчдаас “Газар нутгийн статустай Эрдэнэт хот болооч, бид Эрдэнэт хотдоо баймаар байна” гэсэн хүсэлт гаргаж байсан. Бидэнд хот болж өргөжих, газар нутгаа тэлэх нь нэн чухал байна. Хотын радиусыг тэлэхэд агаараар хэмжилт хийдэг юм билээ. Ингэж бодвол манай нутаг дэвсгэр нэлээд тэлэхээр харагдаж байгаа.

Наандаж түлээ түлшээ гарал үүсэлгүй авч, сүү цагаан идээ чөлөөтэй зарагддаг болчихвол иргэдийн хэрэгцээнд ихээхэн нэмэртэй гэж бодож байна. Гэхдээ Үндсэн хуулийн заалтыг өөрчилж хотын статустай болгох тул цаг хугацааны хувьд хүлээгддэг байх.

-2012-2016 оны үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрт хөдөө аж ахуйн чиглэлийн ямар ажлууд тусгагдсан бэ? Хэрэгжилт нь хэр байгаа бол?

-Манай нам мөрийн хөтөлбөртөө малчдын газар нутгийг гэрчилгээжүүлж өгнө гэж тусгасан. Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгийн иргэдийг өөр аймгийн нутагт газар эзэмшиж болно гэж заасан байдаг. Энэ хүрээнд өвөлжөө, хаваржааны газрын гэрчилгээ олгох асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлүүлэх нь төлөөлөгчийн хувьд хийх ёстой ажлын нэг байсан. Энэ мөрийн хөтөлбөр маань биелэх боломжгүй болсон. 

            Сүү цагаан идээ борлуулах, мал зарах болон мал нядалгааны цэг барих талаар үндсэн чиглэлд тусгагдсан байдаг. Газар нутгийг нь шийдэж, захтай болчихвол малчдад том дэмжлэг болох юм. Хэрэглэгчид цэвэр бүтээгдэхүүн авахын зэрэгцээ үнийн хувьд ч хамгийн бодит ханштай байх болов уу.

-Таны харж байгаагаар энэ удаагийн хурлын онцлог нь юу вэ? Хурлын төлөөлөгчид хэр шуурхай ажиллаж байна вэ?

-Их мөнгөтэй хурал гэж хэлнэ. Өмнө нь сумын хурал аймгаас баталсан төсвийн хүрээнд ажилладаг байсан бол манай энэ удаагийн хурал төсвөө батлах, захиран зарцууулах, төсвийн зарцуулалтанд эргэн хяналт тавих зарчмаар ажиллаж байна. 

Хурлын төлөөлөгчид шийдвэрлэх асуудлыг дор бүр нь ярилцаж, харьцангуй сайн ажиллаж байгаа санагддаг. Тэргүүлэгчид 7 хоногт 2 удаа, асуудал багатай үед 10 хоногт нэг удаа хуралдаж байна. Энэ хуралд залуучууд олон бий. Тэд шинэ санал санаачлага гаргаж байгаа нь сайшаалтай.

И.ТОГТОХ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%