ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НБХХорооны дарга Я.ТУНГАЛАГ: ТӨЛӨӨЛӨГЧ НАР "АМЬД" ХАРИЛЦААТАЙ БОЛСОН

2015-01-27


Орхон аймгийн “НАР ТУССАН ЦАГ” сонинны төлөөлөгчийн цаг буланд Баян-Өндөр сумын төлөөлөгчийн өгсөн ярилцлагыг хүргэж байна. № 37 /80/

Төлөөлөгчийн цаг

Я.ТУНГАЛАГ: Төлөөлөгч нар “амьд” харилцаатай болсон

            Баян-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 6 байнгын хороотой үйл ажиллагаагаа явуулж байна. Чухамдаа хурлын төлөөлөгчдийн цаг зав, хүч, оюунаа харамгүй зарцуулдаг эдгээр хороодын үйл ажиллагаа сайн байх эсэх нь гишүүдийн оролцооноос хамаарах учиртай. Аливаа хэлэлцэх асуудлын үр дүн нь чамбай судалгаа, олон талт мэдээллийн багтаамж зэргээс харагдах тул төлөөлөгч бүр өөрийн харьяалах хороодын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нь зүй билээ.

Энэ удаад бид “Монгол хүн 2020” тодотголтой Баян-Өндөр сумын ИТХ-ын Нийгмийн бодлогын хөгжлийн хорооны үйл ажиллагаа ямар түвшинд явж байгаа талаарх мэдээллийг уншигч, сонгогч тантай хуваалцахаар бэлтгэлээ. Тус хорооны дарга Я.Тунгалагийг “Төлөөлөгчийн цаг” булангийнхаа зочноор урьсан бөгөөд хэлсэн амандаа хүрэх гэж мэрийдэг энэ бүсгүй 10 гаруй жил төрийн албанд зүтгэхдээ багийн зохион байгуулагчаас Засаг дарга хүртэлх хариуцлагатай албыг хашиж явсан нэгэн. “Их залуугийн Тунгалаг” гэхээр эрх биш та таних биз ээ. Ингээд залуу хүн зоригтой, зорилготой явахын үлгэр дууриаллыг бусдад харуулж, үеийнхэн дундаа “толгой цохиж” яваа түүний ярилцлагыг уншигч тантай хуваалцая.    

-ИТХ-ын дэргэдэх хороо бүр өөрийн гэсэн бүтэц, зохион байгуулалттай ажилладаг байх. Таны ахалсан Нийгмийн бодлогын хөгжлийн хороо ямар чиг үүрэгтэй, хэдэн гишүүдтэй ажиллаж байна вэ?

           -Баян-Өндөр сумын ИТХ-ын дэргэд ажиллаж байгаа манай хороо 5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй. Үүнд, хорооны даргаар миний бие, тэргүүлэгч 1, төлөөлөгч 3 гэсэн бүтэцтэй ажилладаг. Хороо бүр өөрийн гэсэн онцлогтой, хамаарах асуудал нь харилцан адилгүй. Тиймээс ч манай хороо өөрийн хариуцсан салбарын хүрээнд сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх болон сумын хурлаас жил бүр дэвшүүлдэг ажлын төлөвлөгөөнд саналаа тусгаж ажилладаг. Наанадаж сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвөөс ажлаа эхлэх хэрэгтэй болдог. Өнгөрсөн онд манай хороо 13, энэ онд 17 ажил төлөвлөсөн. Байгуулагдсан цагаасаа нийгмийн асуудал руу хандсан аливаа асуудлыг шалгах, хяналт тавих үүрэгтэй ажиллаж байна. Нэг талаар хамгийн том хороо гэж үзэж болно.

            Монгол улсын Засгийн газраас дэвшүүлсэн нэг томоохон ажил болох “Монгол хүн 2020”  үндэсний хөтөлбөрт эрх чөлөөтэй, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, ажилтай орлоготой Монгол хүнийг багтаасан. Энэ хүрээнд хөтөлбөрийн хэрэгжилт орон нутагт хэрхэн хангагдаж байгаа талаар бид хариуцаж байна. Тиймээс ч тэргүүлэгчдийн шийдвэрээр хорооныхоо нэрийг “Монгол хүн 2020” гэж тодотгож өгсөн. Нийгмийн салбарын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бүхий л төрийн болон төрийн бус байгууллага манай хороонд хамааралтай гэж ойлгож болно.    

-Хороодын зохион байгуулалтанд орж ажиллахын давуу тал нь юу вэ? Өөрийн сонирхлоор хуваагдсан уу?

        -Тухайн төлөөлөгчийн мэргэжлийн чиглэлд түшиглэн хороодод хуваасан байдаг. Тухайлбал, санхүүгийн боловсролтой хүн төсөв санхүүгийн бодлогын хороонд хамаардаг. Багийн Засаг даргаар ажиллаж байсны хувьд намайг иргэдийн тулгамддаг асуудлыг илүү сайн мэднэ гэж энэ хороонд анх хуваарилсан байх. Хорооны гишүүд маань ярилцаж байгаад удирдлагаа сонгож байсан. Манай хороонд төлөөлөгч Б.Ганболд, Г.Алтанзул, С.Жадамбаа, Б.Мөнхболд нар ажиллаж байгаа. Хороо бүр сарын тодорхой өдрүүдэд иргэний танхимд ажиллах хуваарьтай байдаг тул бид хуваарьт өдрүүддээ ажлаа ярилцдаг.

Цагаа хэмнэх үүднээс хорооны гишүүн бүр ажлаа хуваан авч, өөрийн хариуцсан асуудлаар бусдадаа мэдээлэл хийх зарчмаар явж байна. “Төлөөлөгч” гэдэг үүрэг хариуцлагаа ганцаараа шийдээд явах бус хороо болж ажилласнаар багаараа асуудлыг шийддэг нь илүү хүчтэй дуу хоолой болж чаддаг. Бид өөрийн хариуцсан салбарын ажлыг л хийхээс бусад хороодын ажилд оролцдоггүй.

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт бүтээн байгуулалт хийхгүй гэсэн шийдвэр гарсан. Манай аймгийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

           -Манай хорооны гишүүд сургуулиудын сургалтын агуулга, боловсролын тогтолцоо ямар байгаагаас эхлээд үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих ажлыг хариуцдаг. Энэ ажлынхаа хүрээнд үдийн цай хөтөлбөрийн сэтгэл ханамжийн баталгаа гаргаж, хэрэгжүүлэгч компаниудын үйл ажиллагаанд хяналт тавихын зэрэгцээ эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхэд 2 жил дараалан шалгалт хийсэн. Өнөөдөр Эрдэнэт хотын боловсролын салбарын сурах орчин нөхцөл, хүрэлцээ хангамжийн талаар ярихаас аргагүй байна.

12 дугаар сургууль гэхэд өдрийн 3 ээлжээр хичээллэж, сүүлийн ээлж нь оройн 21.00 цагт тардаг болохыг сургуулийн удирдлагууд хэлж байна. Гэтэл энэ нь манай сумын хурал байтугай аймгийн хэмжээнд шийдвэрлэхэд ахадсан, цаашлаад яамны хэмжээнд яригдах асуудал шүү дээ. Бид зовлон жаргалыг нь сонссоны эцэст сумын хурлаас шийдвэр гарган, аймагт уламжлах маягаар дээш нь явуулбал арай хүчтэй байх болов уу гэж боддог. Тиймээс ч боловсролын салбарын бүхий л асуудлыг хариуцаж байна.

Мөн Их залуу багийн сургууль ирэх онд хүүхдүүдээ хүлээн авах боломжтой болно. Энэ бол том хөрөнгө оруулалт. Хүүхдүүд гэрийнхээ дэргэд хичээлдээ явснаар эцэг эхчүүдийн санхүүгийн асуудал тодорхой хэмжээнд шийдэгдэх байх. Сүүлийн үед эцэг эхчүүд сургалтын чанарыг илүүд үздэг болсон тул шинэ сургууль чадварлаг боловсон хүчинтэй байх нь л чухал. Магадгүй төвийн сургуулийн хүүхдүүд Их залуугийн сургуульд сурахаар тэмүүлэх үе ирэх байх.

-Сургуулийн өмнөх боловролын тухайд?

            -Орхон аймаг хүн ам ихтэй. Тэр хэрээр сургуулийн өмнөх боловсролын эргэн тойронд тулгамдсан олон асуудал гарч байна. Бид хүрэлцээ хангамжийг хэрхэн нэмэгдүүлэх талаас хувилбар гарган ажилладаг. Сүүлийн 2 жилд цэцэрлэгийн хүртээмж дээшилж, 4-5 цэцэрлэг нэмэгдсэн нь ачааллыг харьцангуй багасгасан. Нийгмийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шалгалт хийж, хяналт тавихаас гадна тэдний тавьсан хүсэлтийг холбогдох байгууллагад нь уламжлах, цаашлаад ИТХ-ын ирэх оны ажилд асуудлыг тусгах зэргээр шийдвэрлэх үе бий.

            Сургуулийн өмнөх боловролд 7000 хүүхэд хамрагдах ёстойгоос 6800 хүүхэд хамрагддаг гэсэн судалгаа байна. Хувилбарт сургалтыг ээлжийн, явуулын, гэр цэцэрлэг гэсэн 3 төрлөөр явуулдаг бөгөөд манай аймагт зуны улиралд гэр цэцэрлэгийн асуудлыг шийдэж өгсөн нь сайшаалтай хэрэг болсон. “Сум хөгжүүлэх сан”-гаас дээрх төсвийг нь шийдвэрлэснээр 2013 онд 2 гэр цэцэрлэг, 30-аад хүүхдийг хамруулсан бол 2014 онд 3 болж, туслах багшийн орон тоог нь гаргаж өгснөөр 66 хүүхэд гэр цэцэрлэгээр хүмүүжсэн байна. Эцэг эхчүүдийн сайшаан дэмжиж байгаа энэ ажил алслагдсан багуудад үгүйлэгдэж байгаа.

            Сургуулийн өмнөх боловсрол тойрсон бас нэг асуудал нь чанаргүй барилга ашиглалтанд хүлээж авахгүй байх явдал. Их залуу багийн 23 дугаар цэцэрлэгийг улсын комисс хүлээж аваагүй байхад хүүхдүүдээ авсан. Анхнаасаа гүйцэтгэгч муутай, чанаргүй байсан болохоор энэ хичээлийн жилд 2 сарын турш үйл ажиллагаа нь тасалдаж, хаа хаанаа хүндрэл үүсгэлээ. Одоо тус багийн 15 дугаар сургуультай дулааны нэг шугам хоолойд холбогдвол зардал чирэгдэл бага гарах байх. Энэ ажил хойшид иргэдийн оролцоог чухалчилж, хяналтыг сайжруулах нь илүү өгөөжтэй гэдгийг бидэнд мэдрүүлсэн.

-Соёлын салбарт ахиц дэвшил юу байна вэ?

        -Баян-Өндөр, Баянцагаан, Эгшиглэн соёлын төвүүд тодорхой санхүүжилттэй үйл ажиллагаагаа явуулж, боломжийн хэмжээнд ажиллаж ирсэн. Бид тогтмол үйл ажиллагаатай газруудад хяналт тавьж байгаа. Сүүлийн жилүүдэд соёлын төвүүдийн үйл ажиллагаа нэлээд идэвхжиж, багийнхаа иргэдэд зориулсан олон төрлийн сургалт явуулдаг боллоо. Өнгөрсөн онд хурлын шийдвэрээр техник хэрэгслийг шинэчилж, тохижилтонд тодорхой төсөв баталж өгсөн. Харин алслагдсан багуудад ийм төрлийн үйлчилгээ үзүүлэх соёлын төвүүд нэн шаардлагатай байна. 

            Мөн кинотеатрын барилгын ажил О.Дамба-Очир, Д.Одхүү гишүүний үед яригдаж эхэлсэн ч өнөөдөр хараахан ашиглалтанд ороогүй, төсөв санхүүгийн хувьд хүлээлтийн байдалтай байна. Уг барилга хүүхдүүдийн хүсэн хүлээсэн бүтээн байгуулалт яах аргагүй мөн. Өсвөр үеийнхэнд өнөөдөр чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин алга байна. Зарим сургууль 3 ээлжтэй хичээллэж байхад хүүхдүүд спорт зааландаа ч тоглох боломж гарахгүй байна шүү дээ.

-Та өнөөгийн хурлын үйл ажиллагаанд ямар үнэлэлт өгөх вэ?

-Хурлын санхүүгийн асуудал хүнд, эрх мэдэл сул байсан бол өнөөдөр энэ байдал өөрчлөгдсөн. Орон нутагт төсвийн эрх мэдэл шилжсэнээр зарцуулах мөнгөтэй болж, тэр хэрээр үйл ажиллагаа нь сайжирсан гэж харж байна. Төлөөлөгчид ч дараагийн сонгуулиар сонгогч, иргэдээс сайн үнэлгээ авахын тулд их идэвхтэй гүйж, “амьд” харилцаатай болсон. Төлөөлөгчдийн оролцоо ямар байна, хурлын ажил сайн байгаагийн илрэл нь тэр.

-Төлөөлөгчдийн мэдлэг чадварын тухайд?

            -“Азаар гарсан” гэмээр төлөөлөгч нар хуралд сонгогдсон байх нь олонтаа. Тийм хүмүүс өөрийн урдах ажлаа хийхээс хэтэрдэггүй. Үнэндээ Баян-Өндөр сумын Иргэдийн хурлын дэргэдэх хороодод ийм сул төлөөлөгч ч байна. Хорооныхоо хуралд дуудаад ирдэггүй, ажлаас нь хойш татсан, тэгсэн хэрнээ “Төлөөлөгч” гэж нэг их том хүн мэтээр өөрийгөө боддог тал бий. Иргэд рүү хандсан юу хийхээ мэддэггүй ийм сул төлөөлөгч байгаад би хувьдаа харамсдаг.

            Сумын хурлын төлөөлөгч нарыг чадавхижуулах талаас аймгийн хурал их анхаарч, олон сургалтанд хамруулсан. Тэр хэрээр манай төлөөлөгч нар жилээс жилд сайжирсаар байгаа нь харагддаг. Төлөөлөгч хүн өөрийгөө сул гээд хаялгүй сурсан мэдсэнээ хэрэгжүүлж, бусдаасаа үлгэр аваад явбал эцсийн дүнд өөртөө хийж байгаа хөрөнгө оруулалт л болно.

-Хурал дээр сөрөг хүчний байр суурь илэрхийлэх үе гардаг уу?

           -Малчин багийг Жаргалант суманд нэгтгэх асуудлаар хэлэлцэхэд 4-5 төлөөлөгч эсэргүүцсэн байр суурьнаас хандсан. Би ч мөн эсрэг бодолтой байсан. Манай аймаг газар нутаг багатай гэж ярьдаг. Газраа тэлэх нэг боломж нь Малчин багийнхан, малчид маань гэж харж байсан. Гэхдээ энэ асуудал нэгэнт шийдвэрлэгдсэн.

Ер нь хурал дээр өөрийн болоод намынхаа байр суурийг илэрхийлэх үе гардаг. Аливаа асуудал хэлэлцэхийн өмнө бүлгийн хурал гэж хийдэг. Тус хурал дээр ярилцаж хэлэлцэх асуудлаа хувааж, намын бүлгийн гишүүдтэйгээ саналаа нэгтгэх жишээтэй. Аль болох нэгнийхээ асуусныг давхар асуух юмуу тодруулах мэтээр цаг үрж суухгүйг л хичээдэг. Өнөөгийн хурлын төлөөлөгч нар намчирхаж асуудлыг хойш таталгүйгээр шийдвэрлэхийг бодож байгаа нь сайшаалтай. Болохгүй тал дээр нь мэдээж сөрөг хүчин гэдэг утгаараа намынхаа байр суурийг илэрхийлэх үе бий.

-Таныг төрийн албанд зүтгэж байгаа чадварлаг эмэгтэйчүүдийн нэг гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Төрд зүтгэхэд хэцүү гэж бэрхшээх зүйл гарч байв уу?

         -Би багийн зохион байгуулагчаас ажлын гараагаа эхэлж байсан. Төрд 15 жил ажиллаж байна. Багийн Засаг дарга, Иргэдийн хурлын төлөөлөгч гэдэг асар том зааг ялгаатай. Төлөөлөгч бол иргэдийн өмнөөс сонгогдсон гэдэг утгаараа тэдний тавьсан аливаа асуудлыг шийдвэрлүүлэх гэж явдаг. Харин багийн Засаг дарга гүйцэтгэх албан тушаал учир хууль дүрмийн дагуу л үүргээ гүйцэтгэнэ. Төрийн үйлчилгээг гардан гүйцэтгэнэ гэсэн үг.   

           Миний хувьд Улс төрийн удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгсч, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын талаарх хичээлийг сонгон үзэж байсан. Үзсэн сонссоноо ажил, амьдрал дээр хэрэгжүүлээд ирэхээр хийж байгаа ажил аяндаа гарт орчихдог юм шиг санагдсан. Одоо бол хүнд, хэцүү гэж бэрхшээх ажил байхгүй.

-Ажилдаа ямар зарчим баримталдаг вэ?

        -Би шударга, хүнлэг байхыг хичээдэг. Хамгийн гол нь хэлсэн амандаа хүрч, хүнд туслахыг эрхэмлэдэг. Хүнд горьдлого төрүүлэх хэрэггүй. Болох бол болно, үгүй бол боломжгүй гэдгийг шууд хэлэх нь дээр гэж үздэг. Төрийн байгууллагад хүмүүсийг олон дахин явуулж, чирэгдэл учруулсан байдал их гардаг. Энэ нь тийм ч эерэг үр дүн дагуулдаггүй.

-Төлөөлөгч бүр оны эцэст тойрогтоо хийсэн ажлаа тайлагнаж байна. Таны хувьд ямар ажлууд амжуулав?

         -Төвийн баг, гэр хорооллын баг их ялгаатай. Гэр хорооллын багууд харьцангуй ачаалалтай ажилладаг. Миний хувьд иргэдийн зовлон жаргал дунд 10 гаруй жил “чанагдсан” болохоор намын квотоор орж ирсэн гэж бодолгүй, тулгамддаг бэрхшээлийг нь аль болох шийдвэрлэхэд дөхөм үзүүлэх юмсан гэж боддог.

            Их залуу багийг анх байгуулагдах үед очиж ажилласан болоод ч тэрүү, багтаа их “элэгтэй”.  Багийн дайтай баг болгосны хувьд иргэд маань тийм амьдралтай байсан шүү гэж бодох үе их гардаг. Бас амьдарч байгаагийн хувьд Дэнж багийнхаа иргэдэд туслах сэтгэл их байдаг.

-Эрдэнэт хотынхоо хөгжилд ямар санаа нэмэрлэх вэ?

         -Хот маань хөгжиж байна. Барилга байгууламж нэмэгдэж, автозамын асуудал шийдэгдсэнийг иргэд ч сайшаалтай хүлээн авч байна. Гэр хороолол сайхан хөгжөөсэй. Иргэд маань ухамсартай бол хотын хөгжилд том хувь нэмэр оруулна гэж би боддог. Мөн Эрдэнэтээ хот болгох тал дээр их дэмждэг. Хот болчихвол газар нутгийн хэмжээ ч нэмэгдэнэ. Хөгжлөө бодвол хот байсан нь хамаагүй дээр.

Ер нь хотын хөгжилд иргэдийн оролцооноос гадна сум, аймгийн Иргэдийн хурлынхан, УИХ-ын гишүүд ч хамааралтай. Сүүлийн 2 жилд “УИХ-ын гишүүдийн санаачилгаар ийм юм бүтээлээ” гэж ярьсныг дуулсангүй. Манай аймагт УИХ-ын гишүүдийн дэмжлэг их үгүйлэгдэж байна. УИХ-ын гишүүд маань асуудлаа хуралд оруулж, хөөцөлдлөгөө сайтай бол бид илүү хөгжих боломжтой.

И.ТОГТОХ

 

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%