Л.ТҮМЭНДЭМБЭРЭЛ: ӨНӨӨДӨР Ч, МАРГААШ Ч БАГИЙНХАА ИРГЭДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Орхон аймгийн Баян-Өндөр сумыг Монгол улсын 21 аймгаас хамгийн том сум хэмээн цоллодог нь учиртай. Зуу гаруй мянган хүн амтай тус сумын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, цаашид хэрхэн хөгжүүлэх, хэтийн төлөв, алсын харааг тодорхойлдог болохоор сумын Иргэдийн хурлынхан аймгийн өлөөлөгчдөөс дутахааргүй ажил ихтэй хүмүүс байдаг нь нууц биш. “Төлөөлөгчийн цаг” булангийн энэ удаагийн зочноор Хүрэнбулаг багийн Засаг дарга асан, Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгч Л.Түмэндэмбэрэлийг урьсан юм.
Үзэл бодолдоо тууштай байж, сонгогч олныхоо итгэлийг хүлээн ажилласан тэрээр сумын ууган төлөөлөгч нарын нэг бөгөөд эдүгээ залуу үеийнхэнд үлгэр дууриал болон, өөрийн хуримтлуулсан их туршлагаасаа хуваалцаж явна. Аймаг, сумын хурлын төлөөлөгчдийн санаачилсан ажлуудыг олонд түгээж, Эрдэнэт хотын хөгжлийн бодлогыг зангиадах чадварлаг төлөөлөгчдийг “төрүүлэх” их үйлсэд хамтран оролцохдоо бид баяртай байх болно.
-Таныг сумын ИТХ-д олон жил ажилласан туршлагатай хүний нэг гэдэг. Төлөөлөгчөөр хэдэн удаа сонгогдсон бэ?
-1994 онд Баян-Өндөр сум байгуулагдах үед баг бүрээс 5 төлөөлөгч сонгогдож, сумын анхны ИТХ-ыг байгуулж байсан түүхтэй. Энэ үед сумын анхны хуралд сонгогдож, хурлыг байгуулалцаж явсандаа бахархдаг юм. Миний хувьд сумын Иргэдийн хурлын төлөөлөгчөөр 5 удаа сонгогдсон. Энэ удаагийн бүрэн эрхийнхээ хугацаанд хурлын тэргүүлэгчээр ажиллаж байна.
“Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний уирдлагын тухай” хуульд 9000-аас дээш хүн амтай суманд 31 төлөөлөгч ажиллана гэж заасны дагуу Баян-Өндөр сумын хурал ч 31 төлөөлөлтэй. Эдгээрээс Ардчилсан намаас19, Монгол Ардын намаас 10, эвсэлээс 2 төлөөлөл ажиллахын зэрэгцээ өөр өөрийн чиглэлээр дагнасан 5 байнгын хороод идэвхтэй ажиллаж байна.
-Өнөөгийн хурлын үйл ажиллагааг өмнөх засаглалын үетэй харьцуулахад ялгаа нь юу байна вэ? Таны хувьд ямар үнэлгээ тавих бол?
-Бүрэн эрхийн хугацаандаа хурал бүр өөрийн гэсэн онцлогтой ажилладаг. 2012 онд бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн энэ удаагийн хурал өмнөх хурлуудаас онцлог нь их шуурхай ажиллаж байна. Хуулиар сумын ИТХ-ын хуралдаан жилд 2 удаа хуралдах ёстой байдаг бол өнөөгийн хурал 13 удаа хуралдаж, 3 удаа ээлжит бус хурал зарлан, зохих шийдвэрүүдийг гаргасан. Мөн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлыг 25 удаа зохион байгуулсан нь дээрх шуурхай ажиллагааны үр дүнг харуулах болов уу.
Нэг талаар цаг үеийн тулгамдсан асуудал их байхын зэрэгцээ төсөв хөрөнгө батлах шаардлагатай ажлуудыг тухай бүрт нь хэлэлцэн шийдвэрлэхээс аргагүй байна. 2013 оноос “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгийг хэлэлцэн батлах эрх сумын хуралд шилжсэн. Өнгөрсөн онд Баян-Өндөр сум нэг тэрбум төгрөг, энэ онд 4 тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг хэлэлцэн шийдвэрлэж, нэлээд цагаа зарцууллаа. Сумын Иргэдийн хурлын үйл ажиллагааг хуулийн хүрээнд, эрчимтэй, сайн явагдаж байгаа гэж би хувьдаа дүгнэнэ.
-Аймаг, сумын ИТХ-д ялгаатай тал бий юу?
-Аймаг, сумын хурлын байгууллагын чиг үүрэг ойролцоо. Сумын Иргэдийн хурлын төлөөлөгч 31, тэргүүлэгч 9 эрхтэй байх бөгөөд сум орны нийгэм, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, Засаг даргын мөрийн хөтөлбөр, түүний үндсэн чиглэлийг хэлэлцэн батлах, биелэлтэнд үнэлэлт өгөх, шийдвэрийнхээ хэрэгжилтэнд хяналт тавих зарчмаар ажиллаж байна.
Тэргүүлэгчид сард 2-3 удаа хуралдаж сумын Засаг даргын ажилд үнэлэлт өгөхөөс гадна сумын Засаг даргын Тамгын газрын түшмэдүүдийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, багуудын Засаг дарга нарын тайлантай танилцдаг болсон нь өмнөх хурлуудаас ялгаатай. Харин нэг хэлэх санал нь, аймгийн ИТХ-ын хуралдаан бүр орон нутгийн телевизээр бүрэн цацагдаж, шууд дамжуулж байхад сумын ИТХ-ын хуралдааныг хэвлэл мэдээллийнхэн мэдээлэл авах хэмжээнд л сурталчилдаг тал бий. Сумын ИТХ-ын хуралдаан дээр ялгаагүй чухал асуудлууд яригддаг тул ижил түвшинд нийтэд хүргэх хэрэгтэй санагддаг. Нэг талаар хөрөнгө мөнгөтэй холбоотой л байдаг байх.
-Шинэ залуу төлөөлөгчдөө чадавхижуулах тал дээр хурлын байгууллага өнгөрсөн хугацаанд ямар ажлууд зохиосон бэ?
-Энэ удаагийн хурал их залуужсан. Хурлын нийт төлөөлөгчдийн 60 гаруй хувийг анх удаа төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүс бүрдүүлж байх жишээтэй. Иймд хурлын байгууллага залуучуудаа чадавхижуулах тал дээр нэлээд анхаарч төрөл бүрийн сургалтанд хамруулж, ижил төстэй үйл ажиллагаатай хурлын байгууллагуудтай туршлага солилцож байна.
Мөн Улаанбаатар хотноо Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой сургалтанд 2 удаа хамрагдаж, залуучууд идэвхтэй хамрагдсан. Ахмад төлөөлөгчийн хувьд зарим залуучуудад зөвлөгөө өгөх журмаар ганцаарчлан уулзах үе бий. Хурлын төлөөлөгчөөр ажиллах нь залуучуудын хувьд улс төрд ороход нэг алхам дөхсөн том боломж гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс ч өөрийгөө илүү сайн хөгжүүлж, чадварлаг улс төрч болох замаа нээхэд таатай үе гэдгийг залуучууддаа ойлгуулахыг хичээдэг.
-Иргэдийн төлөөлөл болсон төлөөлөгч хүн ямар байх ёстой вэ?
-Төлөөлөгчид намынхаа мөрийн хөтөлбөрийг удирдлага болгон ажиллахын зэрэгцээ сонгогдсон тойрогтоо хийх ажлуудын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Хамгийн гол нь иргэдийн төлөөлөл болж сонгогдсон учраас сонгогчдынхоо итгэл найдварыг хүлээн ажиллаж, тэдний хүсэн хүлээсэн ажлыг амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд тухайн асуудлыг төрд уламжлах, шийдвэрлүүлэх талаар тууштай байх хэрэгтэй.
Сүүлийн үед иргэд санал санаачлага гаргасан ажлуудаа танилцуулж, төлөөлөгчтэйгээ холбогддог болсон нь сайшаалтай. Тухайлбал, “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлыг иргэдээс санал авч эрэмбэлэх, эрэмбэлсэн ажлуудаас төсөвт тусгах хэлбэрээр явж байгаа нь оновчтой шийдэл болсон. Үр дүнгийн талаар иргэд ч ам сайтай байна.
-Таны хувьд тойрогтоо ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн бэ?
-Иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх, амьдралын нөхцөл боломжийг дээшлүүлэхэд хийж болохуйц ажлууд дэвшүүлсэн. Хүрэнбулаг багийн хувьд 9 давхар байруудтай, хүн амын нягтаршил нь бусад тойргоос илүү, барилгууд нь 30 гаруй жилийн насжилттай болсон. Иргэдийн амгалан тайван, ая тухтай амьдрах гол орчин болсон орон сууц нь дээвэр, заадасны асуудалтай болохоор нөгөө ая тухтай байдал алдагдаад байгаа юм. Энэ жил манай багийн хэмжээнд 400 гаруй сая төгрөгөөр дээвэр, заадас засварын ажил хийгдсэн. Иргэдтэйгээ хамтарч хяналт тавьсан, үр дүн нь хараахан гарах болоогүй байна.
Мөн манай багт яригддаг нэг томоохон асуудал нь 9 давхар байрны лифтны асуудал байдаг. Үе үеийн аймаг, сумын Иргэдийн хурлын төлөөлөгч нар хүсэлт тавьснаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд бүх лифтийг шинэчиллээ. 2012, 2013 онд 4 лифт тавьж байсан бол шинэ 6 лифт нэмснээр энэ асуудал бүрэн шийдэгдсэн. Цаашлаад байр хоорондын гэрэлтүүлэг, зам засвар, хүүхдийн тоглоомын талбай зэрэг ажлууд тусгагдсан. Өнгөрсөн онд 2 шинэ тоглоомын талбайтай болсон бол энэ жил нэг тоглоомын талбайн зураг төсөв гарч, хөрөнгө нь шийдэгдсэн ч тендер зарлах хугацаа оройтсоноос он дамнаж хийгдэхээр болж байна.
Мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудаа тойргийнхоо хэмжээнд дээрх байдлаар хийхийн зэрэгцээ иргэдийг ажилтай, орлоготой болгох төсөл хөтөлбөрт хамруулж байна. Миний хувьд ахмадын болон хүүхдийн баяр зэрэг уламжлалт ажлуудад аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчтэйгээ хамтран оролцож, иргэдтэйгээ аль болох ойр ажиллаж байна. Сум орон нутгийн удирдлагуудын дэжлэгтэйгээр мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудын 60-70 хувийг шийдвэрлэсэн. Бүрэн эрхийнхээ хугацаанд үлдсэн ажлуудаа хийж дуусгана.
-Хүрэнбулаг багийн өмнө тулгамдсан ямар асуудал байна вэ?
-Бүтээн байгуулалтын ажлууд чамгүй хийгдсэн. Орон сууцны сантехник хуучирч муудсан нь тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Ямартаа ч иргэдээ орлоготой болгох, ахуй амьдралыг нь дээшлүүлэх талаас анхаарах хэрэгтэй болж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, төсөл хөтөлбөрт иргэдийг хамруулснаар энэ асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэж болно байх. Олон нийтийн оролцоотой ажил гэж бий.
Иргэд нэгдэж бүлэг болох замаар хийх ажлаа төлөвлөн, орчноо тохижуулахад гар бие оролцож, орлоготой болох боломжтой. Манай багийн 5-6 иргэн Хутагт ламын хийд хүрэх замд “Буяны зам” тавьж, тодорхой цалин хөлстэй ажилласан. Төсөв хөрөнгийн боломж байгаа тул энэ мэт ажлуудад иргэдээ нэгтгэнэ. Иргэдийн оролцоог чухалчилдаг болсон тул хэн идэвхтэй байна тэр хүнд боломж байгаа гэдгийг хэлье.
-Ойрын үед хийхээр төлөвлөсөн ажлаасаа сонирхуулна уу?
-Цаг үеийн ажлууд хийгдсэн. Одоогоор ирэх оны төсөв төлөвлөгөөнд иргэдийн саналыг тусгах, эрэмбэлсэн ажлуудыг нэгтгэн оруулахад анхаарч байна.
-Таны чин хүсэл?
-Хүрэнбулаг багийн Засаг даргаар 19 жил ажилласан. Тиймээс ч төрийн залуу боловсон хүчнийг бэлтгэхэд өөрийн мэддэг, чаддаг бүхнээ зааж сургах юмсан гэж бодож явдаг. Надад итгэл хүлээлгэн, төрд зүтгэх, сонгуульт ажил хийх боломж олгосон Хүрэнбулаг багийнхаа нийт иргэдэд энэ дашрамд баярлалаа гэж хэлье. Өнөөдөр ч, маргааш ч багийнхаа иргэдтэй хамтран ажиллах болно.
-Эрдэнэт хотын хөгжлийг хэрхэн харж байна вэ? Хотынхоо хөгжилд нэмэрлэх таны санааг сонсоё?
-Сум орны амьдрал нэг үеэ бодоход дээшилж байна. Монгол улсын 21 аймгаас цугласан хүмүүс байдаг болохоор манай хот оюунлаг, тэр чинээгээр бусдаас хөгжил илүү. Миний харж байгаагаар бидэнд хотжиж хөгжих явдал чухал байна. Эрдэнэт “хот” болвол аж үйлдвэр хөгжсөн түшиц хот болох учиртай. Аж үйлдвэрийн паркийн асуудал шийдэгдвэл олон үйлдвэртэй болж, тэр хэрээр ажлын байр нэмэгдэн, иргэдийн амьдрал дээшилнэ. Цаашдаа илүү сайхан ирээдүй та, биднийг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Би Эрдэнэтийн залуучуудаа оюунлаг байгаасай гэж хүсдэг. Аймаг, орон нутгаас хүүхэд, залуучуудын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлж, тэдний боловсрох, чөлөөт цагаа өнгөрөөх бүтээн байгуулалтын ажлыг түлхүү дэмжээсэй. Мөн сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу байгаа тул нэмэх зайлшгүй шаардлага байна. Эрдэнэт хоггүй, цэвэр цэмцгэр, иргэд нь боловсролтой, соёлтой, сайхан хот гэсэн нэрээ үргэлж хадгалж яваасай.
Төр минь түвшин, түмэн олон минь амгалан байх болтугай!
И.ТОГТОХ