өдрийн 88 дугаар тогтоолын хавсралт
БАЯН-ӨНДӨР СУМЫН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ
ТАНХИМЫН АЖИЛЛАХ ЖУРАМ
НЭГ. Нийтлэг үндэслэл
Баян-Өндөр сумын ИТХ-ын бодлого шийдвэрт, иргэдийн байр суурь, үзэл бодлыг тусгах, иргэдийн санал санаачлагыг шийдвэр гаргагчид сонсох, олон нийтийн тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотой нээлттэй хэлэлцэх зорилгоор сумын ИТХ-ын дэргэд байгуулагдсан Иргэний танхимын /цаашид Иргэний танхим гэх/ үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
ХОЁР. Зорилго, үйл ажиллагааны зарчим
2.1.“Иргэний Танхим”-ын зорилго нь: Төсөл, дүрэм журам, тогтоол, захирамж, шийдвэрүүдийн төсөлд иргэд, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагаас гаргасан санал, шүүмжлэл, нэмэлт өөрчлөлтийн санаа, мэдээлэл хүлээн авах замаар сумын ИТХ-ын түвшинд гаргах шийдвэрийн үндэслэлийг сайжруулах, шийдвэр гаргахад олон нийтийг оролцуулах явдал юм.
2.2.Иргэний Танхимын бүх үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байна.
2.3.Иргэний Танхимд болох аливаа хэлэлцүүлэг нь тодорхой шийдвэр, баримт бичгийн төслийг үндэслэн, шийдвэр гаргахын өмнөх шатанд иргэдийн оролцоотойгоор нээлттэй явагдана.
2.4.Сумын хэмжээнд тулгамдсан асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулж болно. Хэлэлцүүлгийг энэхүү журмыг баримтлан зохион байгуулна.
Гурав. Үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалт
3.1.Иргэний танхимын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь нээлттэй хэлэлцүүлэг байна. Нээлттэй хэлэлцүүлэг нь оролцогч тал, асуудал оруулагч тал болон зохион байгуулагчаас тус тус бүрдэнэ.
3.1.1.Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогч нь тус аймгийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл байна. Мөн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй гадаадын болон олон улсын байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллийг хэлэлцүүлэг даргалагчийн урилгаар оролцуулж болно.
3.1.2.Нээлттэй хэлэлцүүлэгт асуудал оруулагч нь Сумын ИТХ-ын
Тэргүүлэгчид, Төлөөлөгчид, хурлын хороод, ИТХ-ын дарга, ажлын алба, Сумын Засаг дарга, тэдгээрээс байгууллагдсан ажлын хэсгүүд байна.
3.1.3.Иргэний Танхимын үйл ажиллагааг зохион байгуулагч нь Иргэний танхимын ажилтан байна. Ажлын хэсэг буюу Иргэний танхимын ажилтан нь:
-Нээлттэй хэлэлцүүлгийг олон нийтэд зарлах, иргэдээс санал мэдээлэл хүлээн авах,
-Хэлэлцүүлгийг зохион байгуулах, хэвлэлээр мэдээлж сурталчилах,
-Мэдээллийг цуглуулж эмхэтгэх, саналыг ангилж бэлтгэх, асуудал оруулагч талын тайлан мэдээтэй танилцаж зөвлөмж өгөх ажлыг хариуцна.
3.2.“Иргэний танхим”-ын үйл ажиллагааг Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын алба нэгдсэн удирдлагаар хангана.
3.3.Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлгийн бус цагаар иргэдийн оролцоог хангах, мэдээлэл хүргэх зорилгоор иргэдийн боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулна.
3.3.1.Баг, хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарыг сурган тэд нараар дамжуулан шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийг идэвхижүүлэх арга зүйн сургалт зохион байгуулна.
3.3.2.Төр, ТББ болон бусад байгууллагын захиалгаар иргэдийн дунд явуулах хууль эрх зүй, эрүүл мэнд, сэтгэлзүйн зэрэг иргэдийн хэрэгцээ шаардлагад суурилсан сургалтыг хамтран зохион байгуулна.
3.3.3.Иргэний танхимын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх үүднээс хөдөлгөөнт Иргэний танхимыг алслагдсан багийн иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, мэдээлэл өгөх, санал бодлыг нь сонсох зорилгоор ажиллуулна.
3.3.4.Сумын ИТХ-ын Төлөөлөгчид үйл ажиллагаагаа иргэдэд танилцуулах, тэдний санал бодлыг сонсох зорилгоор иргэдтэй уулзалт хийнэ.
Үүнд:
-Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн иргэдтэй хийх уулзалтын төлөвлөгөөг хурлын ажлын алба боловсруулж иргэд болон Төлөөлөгчдөд мэдээллэнэ.
-Сумын ИТХ-ын Төлөөлөгчид үйл ажиллагааны тайлангаа Иргэний танхимд хүргүүлж, иргэдэд нээлттэй танилцуулна.
3.4.Иргэний танхимын төсөв, бүтэц, орон тоог ИТХ-ын Тэргүүлэгчид батална.
3.5.Сумын ИТХ-ын Ажлын алба нь хэлэлцүүлэг эхлэхээс 14 хоногийн өмнө хэлэлцүүлэх асуудалтай танилцан холбогдох чиглэл, удирдамжаар хангана.
Дөрөв. Хэлэлцэх төсөл сэдвийг олон нийтэд зарлах, иргэдийн саналыг хүлээн авах
4.1.Нээлттэй хэлэлцүүлгийн төслийн анхны эх, түүний товч агуулга, төслийн үндэслэлийн танилцуулгыг ажлын 14-өөс доошгүй хоногийн өмнө Иргэний танхимын ажилтан хүлээн авсан байна.
4.2.Иргэний танхимд хэлэлцэх төслийн анхны эх, хэлэлцүүлэг болох он, сар өдөр, байр, цаг, үргэлжлэх хугацаа, иргэдийн санал хүлээж авах хаяг, электрон шуудан, лавлагаа авах, хэлэлцүүлэгт биечлэн оролцохоор бүртгүүлэх утасны дугаар, хаягийг дурдсан албан ёсны зарыг төслийн танилцуулгыг авсан өдрөөс эхлэн хэвлэл мэдээлэл, интернэтээр зарлана.
4.3.Хэлэлцүүлэгт оролцогч нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хэлэлцүүлэг зарлагдмагц дараахь хэлбэрээр санал шүүмжлэл, байр сууриа илэрхийлж болно. Үүнд:
4.3.1.“Орхон аймаг, Баян-Өндөр сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимд” гэж хаягласан захидлаар.
4.3.2. 70357198, 99135593 - дугаарын утсаар.
4.3.3. bayan-undur.orkhon.khural.mn вэб сайтад санал ирүүлэх хэлбэрээр.
4.3.4.Иргэний Танхимд болох хэлэлцүүлэгт биечлэн ирж оролцох хэлбэрээр
4.4.“Иргэний Танхим” нь сумын ЗДТГ-ын ажлын байр, 303 тоот танхимд байрлана.
Тав. Хэлэлцүүлгийн бэлтгэл хангах
5.1.Иргэний танхимд болох хэлэлцүүлгийн танхимыг бэлтгэх, хэлэлцүүлгийн үеийн протокол хөтлөх, хэлэлцүүлэг даргалагчийн хүсэлтээр хэлэлцүүлгийн дэг алдуулагчийг танхимаас гаргах, хэлэлцүүлгийг хэвлэл мэдээллээр дамжуулах, сурталчилах, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг урьж оролцуулах ажлыг Ажлын алба хариуцна.
5.2.Хэлэлцүүлгийн үеэр аудио болон видео материал үзүүлж сонсгох, зураг үзүүлэн таниулах материал байрлуулах, компьютерээр баримт материал үзэж танилцуулах, оролцогчдын материалыг хэлэлцүүлэг эхлэхээс 1-3 цагийн өмнө ажлын хэсэг хүлээн авч техникийн бэлтгэл хангана.
5.3.Ажлын алба нь нээлттэй хэлэлцүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах сэтгүүлч, сурвалжлагч, ажиглагч нарыг нэвтрүүлэх, тэдэнд суудал хуваарилах зэрэг бэлтгэл ажлыг хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гүйцэтгэнэ.
5.4.Хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн хүмүүсийг зохицуулж оруулах, хэлэлцүүлгийн үеэр үг хэлэх дарааллыг тогтооход хэрэглэгдэх жагсаалт, бүртгэлийг хэлэлцүүлэг даргалагчийн гаргасан маягтын дагуу хийж гүйцэтгэнэ.
5.5.Нээлттэй хэлэлцүүлэгт асуудал оруулагч нь төслийн талаар ирсэн саналыг нэгтгэж, ирсэн санал бүрийг тайлбарын хамт төсөлд хавсарган Иргэний Танхимын хэлэлцүүлэгт бэлтгэнэ. Иргэний Танхимын хэлэлцүүлэг эхлэхээс өмнө төсөлд өөрчлөлт орсон бол уг өөрчлөлтийн талаар хэлэлцүүлгийн эхэнд мэдээлэл хийж тайлбарлана.
Зургаа. Хэлэлцүүлгийг явуулах зарчим
6.1. Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчдод урьдчилан болзол тавихгүй байх зарчим үйлчилнэ.
6.2. Иргэний танхимын ажилтан нь хэлэлцүүлэгт биечлэн оролцохыг хүсэгчдийн дарааллыг тогтоох зорилгоор хэлэлцүүлэг болохоос ажлын гурав хоногийн өмнө утас, факс, электрон шуудангийн хаягаар иргэдийн нэрсийг хүлээн авч бүртгүүлсэн цагийн дарааллаар жагсаана.
6.3. Ижил байр суурьтай иргэд олноороо бүртгэгдсэн тохиолдолд иргэд дундаасаа төлөөлөл сонгож хэлэлцүүлэгт оролцуулж болно.
6.4. Хэлэлцүүлэгт үнэ цэнэтэй мэдээллээр хувь нэмэр оруулж чадах төрийн албан хаагчид, судлаач, шинжээч, гэрч, гадаадын болон судалгааны байгууллагын Төлөөлөгчийг урилгаар оролцуулж болно.
6.5. Ажлын хэсгийн ахлагч хэлэлцүүлэгт оруулж буй төслийн нэр, хэлэлцүүлэг зарласан огноо, урилгаар оролцож байгаа зочдын тоо, нэр, хэлэлцүүлэгт асуудал оруулж буй төсөл боловсруулагч багийг танилцуулж хэлэлцүүлгийг нээнэ. Хэлэлцүүлгийг даргалах хүний нэр, албан тушаал, хэлэлцүүлэгт оролцож буй бусад албаны хүмүүсийг танилцуулна.
Долоо. Хэлэлцүүлгийн дэг
7.1.ИТХ-ын дарга эсвэл иргэн танхимын ажилтан, ажлын албаны ажилтан, ажлын хэсгийн ахлагч хэлэлцүүлгийг нээнэ. Хэлэлцүүлгийг даргалах хүний нэр, албан тушаал, хэлэлцүүлэгт оролцож буй бусад албаны хүмүүсийг танилцуулна.
7.2.Даргалагч хэлэлцүүлгийн дэгийг оролцогчдод танилцуулан, хэлэлцүүлэгт оролцогчдын тоо, хэлэлцүүлгийн үргэлжлэх хугацаа, нэг оролцогчдын үг хэлэх хугацааг тус тус тогтооно.
7.3.Хөгжлийн бэрхшээлтэй, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст үг хэлэх хугацааг шаардлагатай хэмжээгээр сунгаж олгох ба нэг хүн А-4 хэмжээний бүтэн хуудас материал уншиж танилцуулж чадахуйц хэмжэээгээр цаг олгоно.
7.4.Төсөл боловсруулсан багийн гишүүн оролцогчдод төслийг танилцуулна.
7.5.Оролцогчдын үг хэлэх дарааллыг хэлэлцүүлэг даргалагч тогтоох бөгөөд нэрсийн дарааллыг баримтлан индэрт урина.
7.5.1.Хөндлөнгийн шинжээч, эксперт, төрийн болон олон улсын байгууллагын холбогдох албаны хүмүүс үг хэлэх
7.5.2.Төслийг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг дэмжсэн байр суурьтай хүмүүс болон тэдгээрийн гэрч үг хэлэх
7.5.3.Төслийг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг эсэргүүцсэн байр суурьтай хүмүүс болон тэдгээрийн гэрч үг хэлэх
7.6.Оролцогчид байр сууриа илэрхийлж дууссаны дараа асуудал оруулагч талаас шаардлагатай гэж үзвэл оролцогчдод болон урилгаар оролцож буй гэрч, шинжээч, төрийн албан хаагч, судлаач, бусад зочдод хандан асуулт тавьж болно.
7.7.Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлэгт өөрийн санал, байр суурийг томъёолоход мэдээлэл хангалтгүй байна гэж үзвэл зохион байгуулагч, төсөл боловсруулагч нарт хандан асуулт тавьж, хариулт авч болно. Зохион байгуулагч, төсөл боловсруулагч нар асуултанд хэлэлцүүлгийн үеэр хариулт өгнө.
7.8.Асуулт хариулт дууссаны дараа хэлэлцүүлэгт оролцогчид болон асуудал оруулагчдын зүгээс санал дүгнэлт хэлнэ. /1 хүнд 1 минут олгоно/.
7.9.Зөвлөмж гаргасан тохиолдолд уг зөвлөмжийг олонхийн саналаар дэмжүүлнэ.
7.10. Хэлэлцүүлгийг даргалагч хэлэлцүүлгийг хааж үг хэлнэ.
7.11.Хэлэлцүүлэгт оролцогчид бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, яриаг нь таслах, өмнөөс нь үг хэлэх, хашгирах, шүгэлдэх, хөлөө дэвслэх зэрэг бусдын үгээ чөлөөтэй хэлэхэд нь саад учруулсан үйлдэл гаргавал хэлэлцүүлэг даргалагч дэг баримтлахыг шаардах бөгөөд шаардлагыг үл биелүүлбэл оролцогчийг танхимаас гаргаж болно.
Найм. Хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг нэгтгэх, шийдвэрт тусгах
8.1.Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгийн үеэр санал авч дууссаны дараа төсөл, асуудал оруулагч тал 14 хоногт багтаан эцэслэн боловсруулж, ИТХ-ын Дарга, Тэргүүлэгч, Сумын Засаг дарга болон холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулна.
8.2.Нээлттэй хэлэлцүүлгийн тэмдэглэл, төслийн талаар ирүүлсэн бүх санал, тухайн санал төсөлд хэрхэн туссан, эс туссаныг тайлбарласан тайлбар бүхий хавсралттай төслийн шинэчилсэн хувилбарыг веб сайтад байрлуулна.
8.3.Төсөл саналыг нэгтгэн хэрхэн шийдвэрлэсэн талаар хэлэлцүүлэг, төсөл санаачлагчид хариу мэдэгдэнэ.
Ес. Бусад зүйл
9.1.Нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зэрэг онцгой шаардлагын улмаас Иргэний танхимд болох хэлэлцүүлгийг хойшлуулах буюу цуцалж болно. Хойшлогдсон хэлэлцүүлгийг зохион байгуулах тухай зарыг энэхүү журмын дөрөвдүгээр зүйлийн дагуу олон нийтэд мэдээллэнэ.
9.2. Баг болон иргэний нийгмийн байгууллага, ТББ, хэвлэл мэдээллийн байгууллагууд Иргэний танхимд хэлэлцүүлэг явуулах хүсэлт ирүүлсэн тохиолдолд хэлэлцүүлгийг хамтарсан хэлбэрээр явуулж болно.
9.3.Олон улсын хөтөлбөр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс ирсэн саналын дагуу иргэд рүү хандсан хандив, хүмүүнлэгийн тусламж, төслийн санхүүжилтийн тухай иргэний танхимаар хэлэлцүүлж болно.
оОо